“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН" ЭХЭЛЛЭЭ
2022-11-25 19:48:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн хэвлэлийн бага хурлын үйл ажиллагаагаар өнөөдөр (2022.11.25) Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЬЯ – ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор үндэсний хэмжээнд эхэлж байгааг зарлалаа.
Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.
Өнөөдрийн аяны нээлтийн үйл ажиллагааг ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.ЭНХБАЯР чиглүүлж
Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.СОЛОНГО,
НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч ТАПАН МИШРА,
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ
Швейцарын хөгжлийн агентлагийн дарга СТЕФАНИ БУРРИ (Ph.D)
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Захирал Н.АРВИНТАРИА нар оролцон үг хэлж, аянд нэгдэж буйгаа илэрхийллээ.
Өмнөх жилүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулага батлагдсантай холбоотойгоор ЖСХ-ийн хор уршиг, гэр бүлийн хүчирхийллийн (ГБХ) үр дагаварын талаар олон нийтэд ойлгуулах, тэдний анхаарлыг энэхүү асуудалд хандуулахад аян илүү чиглэж байсан. Харин 2019 оноос НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд аянд нэгдсэнээр аяны хамрах хүрээ илүү өргөжиж, ажлын байран дахь бэлгийн дарамт, түүнээс сэргийлэх хариу арга хэмжээ авах гэх мэт ЖСХ-ийн бусад хэлбэрүүдэд чиглэх болсон.
Өмнөх аянуудын ерөнхий сэдвүүд:
- 2016, 2017 онуудад, 16 хоногийн аяныг “shock-factor буюу олон нийтийн анхаарлыг хандуулах” арга зүйг ашиглан ЖСХ/ГБХ-ийн таагүй үнэн болон хор уршгийг олон нийтэд ойлгуулах, тэдний анхаарлыг энэ асуудалд хандуулах, энэ асуудал нь манай орны хувьд яаралтай шийдвэрлэх асуудлын түвшинд хүрсэн гэдгийг бүхий л талуудад ойлгуулах зорилгыг агуулсан.
- 2018, 2019 онуудад, аяны сэдэв уриа нь илүүтэй хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүний хариуцлагыг дээшлүүлэх эерэг өнгө агуулгыг багтаасан, эерэг харилцааны болон хүчирхийллээс сэргийлэх эерэг зан үйл, арга хэлбэрүүдийг уриалсан агуулга доор зохион байгуулагдсан. Энэ хүрээнд эрүүл харилцааг гэр бүл, нийгэмд бий болгоход туслах сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн эрүүл дадал зуршлыг сурталчилсан агуулгыг багтаасан.
- 2020, 2021 онуудад өрх гэр, ажлын байр, олон нийтийн газар, бүхий л орчинд ЖСХ-ийг таслан зогсоохыг уриалж, ЖСХ бол хүн бүхэнд нөлөөлдөг, хүн бүхэнд хамаатай асуудал гэсэн гол санааг хүргэсэн.
Энэ жилийн 16 хоногийн аяны гол зорилго нь ЖСХ-ийн асуудлыг анхаарлын төвд авчрах бөгөөд “Нандин бүхнээ хамгаалья: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн ерөнхий сэдэв уриан дор “Хүчээ урвуугаар биш зөвөөр ашигла” болон “Эрхэм бүхнээ нандигная” эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж, улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалж байна.
2022 оны ЖСХ-ийн эсрэг 16 хоногийн аяны нөлөөллийн ажлын зорилго
2022 оны аян нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар зохион байгууллагддаг “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд НЭГДЭЕ” (“UNiTE! Activism to End Violence against Women & Girls”) аяны үзэл санаатай нийцэж байгаа бөгөөд дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд:
• Бүх нийтийг ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход активист байхыг уриалж, олон нийтийн дунд дуу хоолойгоо өргөж, энэхүү асуудлын талаар ойлголт мэдлэг дээшлүүлэх үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож, жендэрийн тэгш байдлыг хангахад манлайлах.;
• Ковид 19 цар тахлын улмаас нэмэгдсэн ЖСХ/ГБХ-ийн тохиолдолыг бууруулахад хариу арга хэмжээ авах, ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх активизмд үндэсний, орон нутгийн хамтрагч талуудыг татан оролцуулах, дайчлах;
• Олон улсын стандартад нийцүүлэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид, түүний төлөө ажилладаг активистуудыг ялгаварлан гадуурхах, тэдний эсрэг дарамт, сүрдүүлэг, хүчирхийллийг үгүй хийх, урьдчилан сэргийлэх хамгааллын механизмыг бэхжүүлэхэд нөлөөллийн ажлуудыг хийх;
• Жендэрийн тэгш байдлыг хангах, ЖСХ-ийг нийгмийн бүхий л түвшинд үгүй хийхэд эрэгтэйчүүд, хөвгүүдийг татан оролцуулах.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.