ХӨСҮТ: Covid-19-ийн шинэ хувилбар тархах эрсдэл өндөр байна

2022-11-11 13:56:00

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2022.11.11/ мэдээлэл хийж байна. Тодруулбал, Covid-19-ийн шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, тархалт, эмнэлэгт хэвтэн  эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, томуу болон Covid-19-ийн вакцинжуулалтын талаар мэдээлэл өгч байна

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр шинжилгээнд эерэг илэрч байгаа тохиолдол таван хувь болж өссөн ч тархалт хэвийн байна гэв.

Гэхдээ цөөн аймаг ногооноос шар түвшинд шилжсэн гэдгийг онцоллоо. Covid-19-ийн хувилбарын тандалтын мэдээгээр Ba-BF1 хувилбар нэг хүнд, BQ1:2 хувилбараар таван хүн өвдсөн. Эдгээр хувилбарын тухайд өмнө нь Монгол Улсад батлагдаагүй байжээ.

ОМИКРОНЫ ӨМНӨХ ХУВИЛБАРААР ӨВДСӨН Ч ДАХИН ШИНЭ ДЭД ХУВИЛБАРААР ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙ

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал, анагаах ухааны магистр клиникийн профессор Ц.Чинбаяр:

-Covid-19-ийн шинэ хувилбарын цөөн тохиолдолд дотоодод батлагдаад байна. Гэхдээ эдгээр шинэ дэд хэв шинжүүдээс үүсгэгдсэн тохиолдолд хүндрэл өмнөх хувилбаруудтай ижил байгааг ДЭМБ-аас мэдээлсэн. Хүнд, хүндэвтэр эмнэлзүйн хэлбэр үүсэхгүй байгаа. Тэгэхээр өмнө нь баримталж байсан халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөж байна.

Омикроны өмнөх хувилбараар өвдсөн хүн ч дахин шинэ дэд хувилбараар өвдөх эрсдэлтэй. Хэдийгээр эмнэлзүйд өөрчлөлт ороогүй ч суурь өвчтэй хүмүүс хүндээр өвдөх магадлалтай.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 325 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчим тасагт зургаан хүн маш хүнд, 45 нь хүнд гэсэн оноштойгоор Covid-19-өөс шалтгаалж хэвтэн эмчлүүлж байна. Covid-19-өөр өвдөхгүйн тулд иргэд дархлаажуулалтын тунд хамрагдаад 3-6 сар өнгөрсөн бол дараагийн нэмэлт тунг хийлгэх боломжтой.

Томуугийн нөхцөл байдлын талаар мөн мэдээлэл өгөх нь зүйтэй. 2022 оны 44 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Зарим аймаг улбар шар түвшинд шилжсэн.

Томуу төст өвчнөөр нийт 8239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1300 нь цочмог хүнд хэлбэрээр өвдөж, эмнэлгийн тусламж авч байна. Мөн томуугийн бусад вирусуудын тархалт өндөр байгаа юм. Яг одоогийн байдлаар томуугийн тархалт хүмүүсийн дунд идэвхжээгүй. Гэхдээ ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр тархалт идэвхжих эрсдэлтэй байна.

Тиймээс томуугийн вакцинжуулалтад иргэдийг идэвхтэй хамрагдахыг хүсч байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.