2024 оны УИХ-ын сонгуульд АН-ыг сонгуульд оролцож чадахгүйд хүргэх захиалга...
2022-11-10 10:26:00
Шүүхийн өмнөөс ичиж үхэх нь.
Хүний өмнөөс ичнэ гэдэг ч золиг шиг юм аа даа. Өнөөдөр манай нийгэмд шүүх хуулийн байгууллагад итгэдэг хүн бараг үгүй болж аргагүйн эрхэнд асуудал шийдэх өөр газаргүй болохоор л эрхбиш иргэд шүүхэд хандсан болоод явж байгаа юм гэхэд хилсдэхгүй. Ялангуяа ҮХЦ, УДШ зэрэг хуулийн хамгийн том байгууллагуудынх нь иргэд,байгууллагын хэрэг маргаан гомдол шийдвэрлэж байгаа царайг харах юм бол гайгүй шиг сурлагатай 10 жилийн хүүхэд ч ичиж үхмээр байгаад байгаа юм л даа. Энд ҮХЦ-ийн новшруулсан зүйлсийн талаар ард иргэд зөндөө ярьж бичсэн учраас түр орхиж УДШ-ийн талаар хэдэн үг хэлье.
“УДШ-ээр улстөрийн намыг бүртгэдэг байя” гэж Үндсэн хуулиар шийдсэн нь УИХ, ЗГ-ын байгууллагуудын нөлөөллөөс шуудхан хэлбэл улстөрийн нөлөөнөөс ангид байлгах гэсэн санаа байсан юмдаг уу даа. Яагаад гэвэл нэг нам нь сонгуульд олонх болмогцоо төр засгийн хүчээр бусад намаа хориглоод, хорлоод, үймүүлээд тэр байтугай дараагийн сонгуульд өрсөлдөгчгүй болгочихгүй байлгахыг л бодсоных аж. Гэтэл нэг танхимт парламенттай, намаас нэр дэвшиж ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчтэй Монгол улсын хувьд, дээр нь ялсан нам нь хэр увайгүйгээс бас шалтгаалж яаж ийж байгаад л нөлөөндөө оруулчихдаг гэмтэй юмсанж. Энэ талаар хэдхэн жишээ хэлье л дээ.
● УДШ нь АН-ын маргаантай асуудал гэгчийн талаар анхлан шийдвэр гаргахдаа Улстөрийн намын тухай хуулиар дотоод асуудлаа шийддэг тухайн намын хяналтын байгууллагын /2017 оны сонгогдсон ҮДХ-ны гишүүд дээд шүүхэд өөрт нь бүртгэлтэй байгаа шүү/ албан ёсны шийдвэрийг үл хэрэгссэн нь АН-ыг дотоод асуудлаа цаашид шийдэх гарцгүй чөтгөрийн тойрогруу түлхэн оруулж мухардуулсан ажил үйлдэгдсэн бөлгөө. Энэ нь төрийн байгууллагаар гар хөл хийн төрөөр далайлган ямар ч намыг яаж ч үймүүлж болно гэдгийг нотолсон гайхамшигтай тод жишээ болон түүхэнд хараар үлдэж байна даа.
● Тийнхүү АН-д мухардсан маргалдагч хэмээх хоёр тал үүсч тэдгээрийн аль альных нь шийдвэрүүдийг нэг гараараа дотоод асуудлаа шийд гэж буцаах мөртлөө нөгөө гараараа нам дотроо учраа олж ядаж яваа АН-ын нэг талынхны дүрмийн бус Их хурлаар өөрчлөгдсөн гэгддэг дүрмийн өөрчлөлт гэгчийг нь /намын хяналтын байгууллага нь хүчингүй шүү гээд байхад/ хүчээр бүртгэн авч улам будлиан хутгаж дайран дээр нь давс нэмсэн үйлдэл хийнэ. Тэгсэн мөртлөө яг адил гэхдээ дүрмийн дагуу хуралдаж өргөн барьсан нөгөө талынх нь дүрмийн өөрчлөлтийг нь улиг болсон дотоод маргаанаа шийдчихээд бүртгүүл гээд буцаачихдаг?! Яагаад дээд шүүх хэрэг маргаан шийдвэрлэх замаар хууль тайлбарладаг тогтсон хуулиа зөрчиж яг ижилхэн асуудлаар хоёр нүүртэй, ялгаатай шийдвэрийг /нөгөө ҮХЦ шигээ/ гаргаж байгаа юм бол? Яагаад манай ҮД-ийг илт зөрчсөнийг өөгшүүлж байгаа юм бол?! Үүнийг улстөрөөр л тайлбарлахаас өөр аргагүй.
● УДШ нь хуулиар олгосон /ганцхан/ захиргааны арга хэмжээ буюу буюу улстөрийн
нам бүртгэх ажлыг гүйцэтгэхдээ АН-ын бүртгэлийн маргааны яг явцын дундуур хулгайн маягтай, эсвэл зориудаар ч гэх юм уу Улстөрийн намын бүртгэлийн шинэ журам /хуулиас давсан/ гэгчийг яаран баталсан байдаг. Энэ журамд Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар аливаа байгууллагын улсын бүртгэлд орсон өөрчлөлтийг бүртгэж, бичиг баримтанд нь бичилт хийж өөрсдөө бүртгэж авдаг энгийн тогтоосон эрхзүйн орчинг зөрчин намын бүртгэлийг гэрчилгээн дээр нь бичиж ч болно бичихгүй ч байж болно гэж ойлгохоор заалт дур мэдэн оруулсан байгаа юм. Энэний цаад зорилго нь УДШ нь Тамгын газраараа дамжуулан Улстөрийн намын бүртгэлийн тухай лавлагаа хэмээх ямар ч хариуцлага хүлээдэггүй бичиг баримтыг Сонгуулийн байгууллагад гарган өгч байсан 2021 оны түүхээ 2024 онд дахин давтах санаархлаа албажуулахыг зорьж байгааг түвэггүй харж болно. Мөн УДШ нь Улс төрийн намын бүртгэлийн хувьд захиргааны байгууллага бөгөөд түүний хууль бус үйлдлийн талаар Захиргааны шүүхэд нь гомдол гаргахаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээж авахгүй, Иргэний шүүхэд нь хандахаар УДШ нь захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан захиргааны байгууллагад тооцогдохоор байна захиргааны шүүхээр шийдүүл гэж нэг нэгэн лүүгээ шийдээд, УДШ нь болохоор энэ маргааны харьлалыг тогтоох шаардлагагүй гэж намын хувьд ч намын гишүүний хувьд ч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол санал гаргах ҮНДСЭН ХУУЛИАР олгогдсон эрхийг хөсөрдүүлэн “гурвалжин дөрвөлжин болгож” шүүх маань манай намаар ёстой нэг дураараа тоглож байна даа.
● Бас ч хоосонгүй ээ. УБүртгэлийн хуулийн дагуу УТ-ийн намын бүртгэлд нь гарсан өөрчлөлтийг нь бүртгэ, бичилтийг нь хий гэсэн анхан шатны шүүхийнх нь шударга шийдвэр гарав. Тэгтэл Дээд шүүхийн тамгын газраас нь нийслэлийн буюу /дунд шатныхаа/ давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж дэлхийн түүхэнд байхгүй онигооны ичиж үхмээр шинэ байдал үүсгээд явж байх юм. Та бүхэн зүгээр эрүүл саруулаар бодоод үз дээ. Хамгийн том шүүх нь хамгийн доод шатны жижиг шүүхийнхээ хуулийн дагуу гаргасан шийдвэрт гомдоод дунд шатныхаа шүүхэд давж заалдана гэж байх уу. Хэлэх үг олдохгүй байгаа биз. Одоо тэгээд дунд шат нь анхан шатныхаа шийдвэрийг баталчихвал өөрөө өөртөө л давж заалдах л үлдэх нь л дээ. Хошин шог ч цаашаа байгаа биз. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг анхан шатны шүүхээс хуулийн дагуу гарсан шийдвэрийг дунд шатаа дарамталж байгаад хүчингүй болгочихгүй бол ч… Хөгийн юм үүгээр дуусдаггүй ээ. Өнөөдөр Монгол улсын хуулийн байгууллагын охь манлай Дээд шүүх түүний тамгын газрын шигшигдмэл хуульчид маань хуулиа мэддэггүй бүр өмгөөлөгч авахдаа тултлаа ядарсныг гайхаад барамгүй, энэ асуудлаараа давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулж байдаг мөн ч арчаагүй байгаа юм шүү! Үгүй бол 2024 оны сонгуульд зориулсан захиалга, цаг хожих арга ядсан жүжиг, заль мэх л харагдаад байгаа юм даа бидэнд! Уг нь цаанаас нь хатгаад байгаа хүмүүс нэгэнт дуулчихсан дуу гээд ичээд УДШ-дээ өөр дуу зааж өгмөөр юм даа.
● Онигоотой онигоотой гэхэд дээрх болж буй явдал УДШ-ийн нам бүртгэх асуудал
дээр хэр зэрэг улстөр орж бохирдсоныг харуулж байгаа жишээнүүд юм л даа. Ер нь ч АН учраа олж чадахгүй байгаа нь дан ганц дотроо биш /гадны нөлөөгүй гэдэг шиг болчихгүй байгаа/ шүүхийн шийдвэр, гаргаж буй үйлдлүүдээс нь харвал гаднаас нөлөөлөөд байгааг бэлхнээ харж болно. Дээд шүүхийн шигшигдмэл нийт шүүгч нар энийгээ бодохоор өөрсдөөсөө ичдэг байлгүй дээ хөөрхий. Үүнтэй агаар нэг МАН-ын Генсек улстөр мэддэггүйдээ нэг талын АН-ын дарга Эрдэнэ нөгөө талын ЕНБД Мөнхжаргалд хоёуланд нь хаягласан бичиг өгөхтөө тулчаагүй нь тодорхой. Генсекийн энэ үйлдэл, УДШ-ийн зан авир нэг сурвалжтайг ойлгоход заавал бага сургуулийн боловсролтой байх шаардлага ч байхгүй.
● Тэгээд одоог хүртэл УДШ-ээс дотоод асуудлаа шийдээд ир гээд хоёр талыг хөөж явуулаад байгаа нь УТН-ын хууль, намын ҮД-ээр дотоод асуудлыг эцэслэн шийдэх эрхтэй намын хяналтын байгууллага болох ҮДХ-г нь тодорхойгүй болгон нам дотоод асуудлаа шийдвэрлэх боломжийг нь бүрэн хааж, аль гишүүд, аль намын байгууллага нь дүрмийн дагуу болохыг нь чөтгөр ч мэдэхийн аргагүйд хүргэнэ гэдгийг мэдэхийн дээдээр мэдэн тооцсон башир явуулга мөн бөгөөд үүнийг 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ыг төлөөлөх этгээдгүй, сонгуульд оролцож чадахгүйд хүргэх захиалга гээд шууд ойлгочиход хол зөрөхгүй бизээ.
● Мөн түүнчлэн намын тэмдэгний /тамга/ асуудал гээд бичих гэхээр шүүхийн өмнөөс бас л ичиж үхэх гээд байна даа. Харанхуй шөнө дунд АН-ын тамгыг бөөнд нь хаяж үрэгдүүлсэн гэсэн үлгэрийг нь улсын байцаагч дүгнэлт гаргаж өгөөд хууль бусаар шийдвэрлэчихсэн үйл баримт байсаар байхад улаан цайм шийдэж өгөхгүй өдий хүртэл сунжруулаад л сууж байдаг нөгөө л шүүх. Эцэст нь хэлэхэд Монгол улсын шүүх, бүртгэлийн зэрэг төрийн байгууллагууд аль нэг улстөрийн хүчний гарт байгаа цагт бусад намын асуудал шударгаар шийдэгдэнэ гэж байхгүйг бүрэн ойлгож ав даа манай намынхаан. Учир иймд цаашдаа яах вэ гэдгээ олноороо хэлэлцэж шийдэлд хүрэх л үлдлээ гишүүд ээ.
Хууль зүйн ухааны доктор Ш. Түвдэндорж
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.