ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

2022-11-09 16:26:00

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулна

Зөвшөөрлийн тухай хуульд /шинэчилсэн найруулга/ нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн тогтоомжийн төслийг хэлэлцээд, хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгасны үндсэн дээр УИХ-д мэдүүлэхээр тогтлоо.

УИХ-аас 2022 оны зургадугаар сард Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан, 2023 оны эхний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хууль батлагдсантай холбогдууланзөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт даалгасан.

Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хүрээнд хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал,

Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл олгох, сунгах болон цуцлах шийдвэрээс гадна ажиллагааны үе шат, явцын талаарх мэдээллийг ил тод, нээлтэй түгээх, иргэдэд мэдээллийг цахим хэлбэрээр, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх талаар эрх бүхий этгээдийн үүргийг тодруулжээ.
Зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой хураах улсын тэмдэгтийн хураамжийн зорилгыг харгалзан урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдэлтэй байдлыг өөрчилж, холбогдох зохицуулалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тусгажээ.
 
Цэцэрлэгийн хүртээмж багатай нутаг дэвсгэрт орон сууцны нэг, хоёрдугаар давхарт цэцэрлэг байгуулна

Цэцэрлэгийн хүртээмж багатай нутаг дэвсгэрт ашиглалтад орсон орон сууцны нэг, хоёрдугаар давхарт цэцэрлэг (түр цэцэрлэг) байгуулах талаар арга хэмжээ авч, ирэх оны нэгдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Хүн амын нягтаршил өндөр, хүүхдийн цэцэрлэггүй хороолол, хотхон, орон сууцны бүсэд цэцэрлэг барих газар, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх, худалдан авах барилга байгууламж байхгүй зэргээс хамаарч орон сууцны барилгын нэг, хоёрдугаар давхрыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан, цэцэрлэг байгуулах зайлшгүй хэрэгцээ тулгарч байна.

Нийслэлд шинээр баригдах орон сууцны хотхон, хорооллын барилга байгууламжийн төлөвлөлтөд цэцэрлэгийн барилгын зураг, төсөл, ТЭЗҮ-г заавал тусгах, барилгын норм, дүрэмд заасан шаардлагыг мөрдүүлэх, өмнө ашиглалтад орсон орон сууцны барилгын нэг, хоёрдугаар давхрыг цэцэрлэгийн зориулалтаар засварлахад норм, дүрмийн дагуу хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын тогтоолд тусгалаа.
 
Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Алсын хараа-2050”  баримт бичигт “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж туссан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум байгуулахаар төлөвлөж байна.
 
Товч мэдээ: 

·      Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог хангах, цаашид нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх, төр, хувийн хэвшлийн оролцоотой аж ахуйн нэгж байгуулах асуудлыг судлан, санал боловсруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргад даалгав.
·       Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт зарим бараа, бүтээгдэхүүнийг худалдаалахад авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.  
·      Эдийн засаг, хөгжлийн яамны байршлыг Засгийн газрын II байрнаас XI байрны 1-6 давхарт шилжүүлж, нүүлгэн шилжүүлэх, засвар үйлчилгээ хийх зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.   


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.