Архангай аймагт замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа
2022-10-07 16:16:00
Архангай аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр 14:00 цагаас эхлэн цаг агаарын байдал хэвийн болох хүртэл хугацаанд түр хугацаагаар зогсоожээ.
Архангай аймгийн Цагаан даваа болон бусад даваануудын авто замын зорчих хэсэгт цас их орсны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ.
Иймээс иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангаж, өвлийн дугуйгаа сольж замд гарахыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Өнөөдрийн хувьд Архангай, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Орхон, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхээр байгаа юм.
Өнөө шөнөөс агаарын температур өмнөх шөнөөс хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн хонох тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
Өнөөдөр 14:00 цагийн байдлаарх цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдэл ажиглагдаж байгаа аймаг сумдын мэдээллийг зургаар харуулбал:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.