"Бэлтэс Мөрөн" ХХК-ийн хэргийн улмаас 2,549 иргэн 45.3 тэрбум төгрөгөөр хохироод байна
2022-09-26 16:23:00
ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Төгс-Ухаан "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой хэргийн шалгалтын явцын талаар мэдээллээ.
Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байсан Бэлтэс мөрөн компани нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100%-ийн хүүтэйгээр иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт тус аймгийн Цагдаагийн газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан байна.
Цагдаагийн төв газраас ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар Хөвсгөл аймагт ажиллаж, улмаар Бэлтэс мөрөн компанийн үйл ажиллагааг зогсоож, холбогдох шалгалтыг хийн 2022 оны тавдугаар сарын 9-ний өдөр тус компанийн удирдлагад ажиллаж байсан нэр бүхий найман хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 13 мянган иргэнээс мөнгө татаж, 2,549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Үүнээс мөнгө өсгөж авсан 1,600 иргэнийг иргэний хариуцагчаар татсан. Ингэхэд 11.1 тэрбум төгрөгийг буцаан авахаар тогтоогдсон байна.
Мөн Бэлтэс мөрөн компанийн захирал болон ажилчдын нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр хураан авчээ.
Хэргийг аравдугаар сард багтаан шүүхэд шилжүүлэх саналтай ажиллаж байгаагаа тэрбээр мэдэгдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.