БОАЖ-ын сайд Н.Уртнасангийн тушаалыг хүчингүй болгохоор Бугат сумын иргэд гарын үсэг цуглуулж, Төрийн гурван өндөрлөгт хүргүүлжээ

2021-11-18 08:40:00

Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг Тахийн талд байрлах Говийн их Дархан цаазат газарт 350 тоо толгой тахь сэргээн нутагшиж, 13 мянга орчим хар сүүлт зээр, 9,000 орчим хулан зэрэг ховор амьтан тогтвортой байршиж байна. БОАЖ-ын сайд Н.Уртнасан 2021 оны А45 тоот тушаалаар зөвхөн хамгаалалтын захиргааны нэрийг зүүн говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болгон өөрчилж, байршлыг Ховд аймгийн Алтай суманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг асуудалтай холбоотойгоор Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан БОАЖ-ын сайд Н.Уртнасанд асуулга тавьсан.

Хамгийн гол асуудал нь тусгай хамгаалалттай газрын захиргааг нүүлгэн шилжүүлснээр, Тахийн талд газар ухаж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм. Хөвчийн нуруунд гурав, дөрвөн жилийн өмнө алт ухаж байсан энэ асуудал дахин үргэлжилж ч магадгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлж байсан юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “БОАЖ-ын сайдын тушаалаас зөв шийдэл олж харахгүй байна. Бодит байдлыг хэлбэл, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг Говь-Алтай аймгийн Бугат сум 458.4 мянган га, Говь-Алтай аймгийн Тонхил сум 170.1 мянган га, АХУБНГ 36400 га, ШБНГ 390.071 га нийтдээ Говь-Алтайд 1.054.971 га газрыг ГИДЦГ “Б”  хэсгийн хамгаалалтын захиргаа хамгаалах чиг үүрэгтэй. Найман байгаль хамгаалагч энэ том нутаг талбайд хүрэлцэх үү. Хамгаалалтыг захиргааг нүүлгэх нь хязгаар нутгийг эзэнгүйдүүлэх, төрийн хараа хяналтыг сулруулах бодлого. Цаана нь ямар эрх ашиг байгааг тааж мэдэшгүй” гэж байр сууриа илэрхийлж байв.

Харин асуулгын хариуг сонсох  үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “ Тусгай хамгаалалтын газрын захиргааг нүүлгэснээр ашигт малтмал ухах гэж байна гэсэн хардлага Говь-Алтайчуудад байна. Иргэдээс нь асуухгүй шийдсэн байх юм. Хөвчийн нуруунд гурав, дөрвөн жилийн өмнө алт ухаж байсан. Энэ асуудал дахиад үргэлжилбэл яах вэ? Шаргын хамгаалалтын бүс гэж байгуулагдаж байгаа. Ингэх юм бол Говь-Алтай аймагт ногдох тусгай хамгаалалтын газар нутгийн хэмжээ Ховд аймагтай тэнцүү хэмжээнд очно. Аль аль талаа бодсон ч эрүүл бус амьдралд нийцэхгүй тушаал байна" хэмээн асууж байсан юм.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан 911 мянган га талбайгаар өргөтгөсөнтэй холбоотойгоор хамгаалалтын захиргааг аль талд нь байлгавал оновчтой вэ гэдэг талаар нутгийн иргэд болон байгаль хамгаалагчдын саналыг авч байсан гэх тайлбарыг өгсөн.

Тэгвэл Н.Уртнасан сайдын тушаалыг хүчингүй болгож өгөхийг нутгийн иргэд шаардан гарын үсэг цуглуулж, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ш.Раднааасэд нарт ханджээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.