Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаадын хэчнээн иргэн гэрээгээр ажиллаж байгаа, тэдгээр иргэний асуудал ямар хэмжээнд яригдаж байгаа талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяагаас тодруулсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хүүхэд харах Филиппин асрагч нарыг иргэд их авдаг. Монгол Улсад судалгаа хийж үзэхэд 300 орчим гадаад хүүхэд асрагч ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн тоо мэдээлэл байдаг. Хүүхэд асрагч гэдэг утгаараа хөдөлмөрийн зөвшөөрөл авдаггүй. Харин боловсролын байгууллагын багш, боловсролын байгууллага гэдгээр зөвшөөрөл нь олгогддог. Нөгөө талдаа иргэд хоорондын зуучлал, гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг. Солонгос улсад нэг цэгийн үйлчилгээнд ажиллаж байгаа ажиллагсдын хуулиар зохицуулагдах асуудал биш. Манай яамны харьяа байгууллага учраас энэ нь төсвөөр зохицуулагддаг. 2022 оны төсвийн хувьд цалин хөлсийг нь тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж батлуулсан” гэв.