“Сэлэнгэ Бодонс” баг 3х3 шигшээ багийн тамирчдыг 2.5 тэрбумаар багтаа авчээ
2025-09-22 17:14:00

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирал 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ.
Монголын үндэсний дээд лигийн "Сэлэнгэ Бодонс" баг Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид болох Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, Т.Отгонжаргал нарыг багтаа нэгтгээд буй. Уг асуудалд бусад багийн хөгжөөн дэмжигчид ихээхэн шүүмжлэлтэй байгаа билээ. Тэгвэл “Сэлэнгэ Бодонс” багаас 3х3 шигшээ тамирчдын тухай мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд "Сэлэнгэ Бодонс” дээд лигийн багийн зорилго нь East Asian Super League (Зүүн Азийн супер лиг), Asian Basketball Champions League (Азийн Аваргуудын лиг) -т гарах явдал юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд Үндэсний дээд лигт заавал түрүүлж, аварга авах хатуу босготой. Иймд энэ жил өмнөх жилийн алдаа, дутагдлаа засаж ростер бүрдүүлэлтэндээ ихээхэн анхаарч ажиллаа. Үүний нэг хэсэг нь бид Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнтэй хэлцэл хийж, багтаа нэгтгэсэн явдал билээ. Зарим багийн эзэд болон хөгжөөн дэмжигчдийн зүгээс үүнд ихээхэн бухимдаж, сошиалд үзэл бодлоо илэрхийлж буйг багийн удирдлагуудын зүгээс хүндэтгэн ойлгож байна. 3х3-ийн шигшээ багийн тамирчид нь дэлхийн топ тоглогчдод эрэмбэлэгддэг, олон улсын тэмцээнүүдэд Монгол улсынхаа нэрийн өмнөөс оролцож буй тул “Сэлэнгэ Бодонс” багийн зүгээс эдгээр тамирчдыг Үндэсний дээд лигт 5х5 тоглоход нь бэлтгэл сургуулилтыг хамтад нь хийлгэх, багийн ойлголцол, уур амьсгалыг хадгалах, 3х3 тэмцээнүүдийн өвөл, зуны хуваариудад зохицуулалт хийж, оролцоход нь дэмжлэг үзүүлэх тохироотойгоор 5 тамирчинд санал тавьж, хэлцэл амжилттай болж гэрээ байгуулсан билээ гэжээ.
Түүнчлэн гэрээний нийт үнийн дүн 2.5 тэрбум төгрөг бөгөөд сар бүрийн үечилсэн төлбөрийн нөхцөлтэйгөөр гэрээ хэрэгжиж байна. Бусад тамирчдад мөн адил бид сар бүр цалин тавих хэлбэрээр ажилладаг. Энэхүү зардал нь багийн ивээн тэтгэгчдийн орлого, жерси болон бусад мерч бүтээгдэхүүний борлуулалт, багийн евент орлого, Бодонс академийн орлогоос нөхөн төлөгддөг бизнес загвартай. Бодонс одоогоор 2 компаниас 1 тэрбум төгрөгийн ивээн тэтгэлэг аваад байна. Мөн үндэсний томоохон 10 гаруй аж ахуйн нэгжтэй ивээн тэтгэлэгийн гэрээний хэлцэл хийгдэж байгаа гэв.
“Сэлэнгэ Бодонс” хэдий Азийн зах зээлд гарах зорилго, төлөвлөгөөтэй ч Монгол улсын маань эрх ашиг нэн тэргүүнд тавигдана. Иймд 3х3 тамирчдаа олон улсын тэмцээнд оролцох нөхцөлөөр нь хангаж 2025 оны 12-р сарын 01-ээс дээд лигийн тоглолтонд оролцуулах гэрээний тохироотой гэх тайлбарыг хийжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.