Р.Шинэгэрэл: ХХОАТ-ыг 1%, НӨАТ-ыг 5% болгож бууруулья
2025-08-05 16:22:00

Эдийн засагч Р.Шинэгэрэл цахим хуудастаа НӨАТ болон ХХОАТ-ыг бууруулах асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "НӨАТ-ын буцаалтыг 5% болгосноор нийт 800 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Нийт иргэдийн 25% нь НӨАТ-ын орлогын 75%-г төлдөг. Бага дунд орлоготой 75% нийлээд НӨАТ-ын 25%-г л бүрдүүлдэг. Тэгэхээр энэ 800 тэрбумын хөнгөлөлтийн 600 тэрбум нь топ 25% руу л очно. Иймд НӨАТ буцаалтыг 5% болговол өндөр хэрэглээтэй чинээлэг хэсгээ илүү дэмжсэн бодлого болно гэсэн үг. ХХОАТ-ыг 1% болгосноор 2.6 орчим их наяд төгрөгийн дүн бүхий татвар иргэдийн орлого болно. Цалингийн 1-р шатлал буюу бага дунд орлоготой ангилалд байгаа иргэдийн тоо 984к, нийт ХХОАТ төлөгчдийн 99.2%, эдгээр хүмүүс нийт ХХОАТ-ын 75% буюу 1.95 орчим их наядыг бүрдүүлдэг. Иймээс ХХОАТ-ыг 1% болгох нь бага дунд орлоготой иргэдийн орлогыг дэмжсэн бодлого болж чадна. НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгож өсгөх биш НӨАТ-н татварыг жигдхэн 5 хувь болгож бууруулаад бүгд төлдөг болох нь хамгийн зөв бодлого болж чадна. Татварын хувь хэмжээг буулгахаар мэдээж төсөвт мөнгө дутагдана. Гэхдээ өнөөдөр манай төсөв дэндүү үрэлгэн үр ашиггүй зүйлд мөнгө их зарцуулсан байдалтай байгаа. Яамдын тоогоо 2 дахин бууруулаад, ТАХ-ын тоог ч эрс бууруулах хэрэгтэй. Төрийн оролцоог эрс бууруулж чадвал татвар төлөгчдийн мөнгийг яг хэрэгтэй зүйлд зарцуулах боломж нээгдэнэ. Бас хэрэгцээгүй татаас хөнгөлөлтийг болиулж, хавтгайрсан халамжийг танах хэрэгтэй. Эдгээрийг хийвэл ХХАОТ-ыг 1%, НӨАТ-ыг 5% болгож бууруулах боломж хангалттай гарч ирнэ" гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.