Намын даргын төлөөх тулаан ӨНГӨРСӨНД ба ОДОО
2025-09-26 15:56:00

МАН найтаахад монгол ханиах хэмжээнд монопол болж вакумжсан. Тиймдээ ч тэдний дотоод зөрчил хүртэл улс орны улс төр, нийгмийн тогтвортой байдалд төвөг учруулж байна. Гэхдээ энэ нь анхны удаа биш бөгөөд өмнө хэн хэрхэн тэмцэлдэж даргын төлөө тэмцэж байсныг эргэн саная.
2007-2008 он С.Баяр, М.Энхболд нарын МАН (хуучин МАХН) доторх тэмцэл
Намын даргын суудал, Засгийн газрын удирдлага хэн барих вэ гэдэг дээр зөрчилдөж, дотоод хагарал сонгуулийн өмнө хүчтэй болж байсан.
М.Энхболдыг нийслэлийн МАХН-ын хорооныхны 80 хувь нь дэмжиж байгаа бол одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарын МАСЗХ-ныхны 20 орчим хувь, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зүүний хүчний холбоотойгоо М.Энхболд даргынхаа талд зогсож байв.
Харин "Элсний 13" фракцынхан С.Баярын талд туг өргөж байж. Элсний 13-т Ц.Мөнх-Оргил, У.Барсболд мөн Ё.Отгонбаяр гэх мэт нэр байх аж. Тухайн үед намын даргын төлөөх тэмцэл явж байхад яг одоогийн У.Хүрэлсүх ерөнхийлөгч эзгүй байж таарч байгаа шиг тухайн үеийн Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр бас эзгүй үе нь таарч байж. Тухайн үед С.Баяр бас л өчигдрийн Амарбаясгалангийн ярьсан шиг Ерөнхийлөгч миний талд байгаа хэмээн ярьж байсан гэх. Ингээд С.Баяр ялалт байгуулж 2007 онд намын даргаар сонгогдож хуучин дарга М.Энхболдоос тамгыг гардаж авч байв.
Энэ хоёрын тэмцлийн үр дүнд намын удирдлагын сунгаа ширүүсэж, “олонхын эв нэгдэл” гэдэг ойлголт алдагдаж байж.
2014- 2015 онд АН доторх З.Энхболд ба Н.Алтанхуягийн зөрчил
Тухайн үеийн Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг ажиллаж, харин УИХ-ын даргаар З.Энхболд ажиллаж байхад яг одоогийн Г.Занданшатар Д.Амарбаясгалан нар шиг өөрөөр бол Ерөнхий сайд Их хурлын дарга нарын тэмцэл өрнөж байлаа.
УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын хооронд бодлогын маргаан, бүлэглэлийн хуваагдал хүчтэй болж, эцэстээ Засгийн газрыг огцруулахад хүргэсэн. Гэхдээ МАН-аас ялгарах нь тэд дотоодоо асуудлаа чимээ багатай шийдэж Н.Алтанхуяг нам засгийн тамгаасаа зэрэг татгалзаж намын тамгаа З.Энхболдод Засгийн тамгаа Ч.Сайханбилэгт өгөхөөр тохиролцож байж. Харин тохиролцоо дээр хүчээр дэмжигдсэн Сайханбилэгийн Засгийн газар төдийлөн удаагүйг бүгд мэднэ.
Заа тэгэхээр энэ мэт даргын төлөөх зөрчил тэмцэл, эрх мэдэл сандал суудлын наймаа нь Засгийн газар, парламентын тогтвортой байдлыг ганхуулж болдог өнгөрсөн үеийн түүх бидэнд ч дэлхийн түүхэнд ч бий.
Ирэх МАН-ын даргын сунгаа, 2028 оны УИХ-ын сонгууль, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт эрх мэдлийн сунгаа ойртож байгаа энэ үед фракц фракцаараа ямар хор найруулж байгааг таашгүй.
Яах вэ дээрх жишээ ч тэр, одоо болж байгаа Г.Занданшатар Д.Амарбаясгалан нарын тэмцэл ч тэр зөв зохицуулж чадвал, энэ тэмцэл нам дотор шинэчлэл авчрах боломжтойг харуулж байна. Харин хувийн дайсагнал хэлбэрээр үргэлжилбэл, МАН болон цаашлаад Монголын парламентын тогтвортой байдалд хүнд сорилт болохоор харагдаж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.