Г.Занданшатар: Эмэгтэйчүүдийг зодох зэрэг хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцохыг үүрэг болголоо
2025-07-02 12:49:00

Сүүлийн өдрүүдэд эмэгтэй хүнийг зодох, улмаар амь насанд нь халдах гэмт хэргүүд гараад байгаа билээ. Уг асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр, "Манай улсад сүүлийн үед ололт амжилт, баяр бахдал төрүүлсэн үйл явдлууд өрнөхийн зэрэгцээ монгол хүний сэтгэлийг шимшрүүлсэн, хүнлэг ёсноос ангид ноцтой үйлдлүүд гарсаар байна.
Эмэгтэйчүүдийг зодох, хүүхдүүдийг хүчирхийлэх, мал амьтныг хэрцгийлэн хөнөөх зэрэг хэргүүд нь ганц нэг хүний ёс суртахууны алдаа бус, нийгмийн гүн давхаргад оршиж буй цогц асуудлуудын илрэл юм. Ядуурал, боловсролын тэгш бус байдал, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн хямрал, ёс суртахууны уналт зэрэг нь энэ нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд:
- Хууль зүй, дотоод хэргийн яаманд эдгээр хэрэг явдлыг мөрдөн шалгаж, холбогдох этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, хуулийг шударгаар, тууштай хэрэгжүүлэхийг санууллаа. Хуулийн хэрэгжилтэд улс төр, хувийн ашиг сонирхлын ямар ч нөлөө байж болохгүй. Мөн холбогдох хуулийн заалтуудад шаардлагатай бол өөрчлөлт оруулах саналаа яаралтай танилцуулахыг,
- Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд хамтран ёс суртахуун, хариуцлагын боловсрол, сэтгэлзүйн дэмжлэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яаралтай цогц арга хэмжээ танилцуулахыг үүрэг болголоо" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.