Үнсгэлжингийн түүхийн нөгөө тал
2025-06-26 17:53:00

Төгс төгөлдөр үзэсгэлэн гоотой, мөнгөтэй айлын охин аавын хамтаар анхнаасаа дутуугийн комплекс ихтэй, царай муутай 2 охинтой, ааш муутай бэлэвсэн эмэгтэйтэй нэг гэр бүл болон амьдарсаар бидний мэдэх Үнсгэлжингийн түүх эхэлдэг.
Энэ түүхэнд сайхан сэтгэлтэй байх, зөв бодолтой байх гэсэн өнцгүүдийг томруун харуулдаг. Түүнээс өөр өнцөг санаа өгүүлэмж зөндөө бий. Гэхдээ энэ нийтлэлд тэдгээрийг биш түүний өөр талыг дурьдана.
Бидний үзэж дассан үнсгэлжин бол сайн санаат царайлаг гүнжид атаархаж түүнийг гэх бүхнийг авахаар санаалж буй царай муутай нэгний явуургүй үйлдлийг харуулдаг бол өөр нэгэн түүхэнд анхнаасаа юу ч үгүй төрсөн нэгний хэцүү бэрхийг харуулдаг нэгэн кино үзсэн юм.
Өөрөөр хэлбэл бидний дандаа сайныг сайхныг харахаас өөр нүдийг нээж өгсөн гэсэн үг.
Хорвоо ертөнц дээр дандаа сайхан, гоё л амьдрах ёстой юм шиг бидний төөрөгдөл өнөөдөр мөнгөтэй, өнгөтэйд долгинох, цаашлаад хээл хахууль муу бүхэн үүссэн мэт санагддаг.
Хэрэв үнсгэлжингийн эгчид ядаж түүн шиг гоо үзэсгэлэн байсан бол кино ямар байх вэ гэдгийг бодож үзэх ч сөхөөгүйгээр бид хэдэн зуун жил тэр түүхэнд автсан.
Харин орчин үед бүтээсэн үнсгэлжингийн түүхэнд анхнаасаа юу ч үгүй төрсөн нэгэн өөрийн гэсэн үнэ цэнэтэй зүйлтэй болохын тулд хэрхэн яаж тэмцэж байгааг харуулдаг юм.
Ингэхдээ тэр өөрийнхөө төрөлх мөн чанар, өөрийн гадаад төрх, тав тух, дуртай идэх уух зүйлс амьдралын хэмнэлээс бүгдээс татгалзаж байж үнсгэлжин шиг үзэсгэлэнтэй болсон ч эцсийн мөчдөө үнсгэлжингийн юм бол үнсгэлжингийнх л байдаг.
Яг үүн шиг. Хүний юм бол хүнийх. Харин чиний бүтээсэн, хийсэн бүхэн чинийх. Хийж бүтээх хүртэл зөв замаар явбал бүтээсэн зүйлс чинь чамд анхнаасаа байсан мэт л чинийх үүрд байдаг аж. Ингээд бодохоор үнсгэлжингийн түүх бол хэдэн талаас нь харж эргэцүүлж болох хоёр зуунаар ч мөлжин сургамжлах үлгэр гэж би боддог. Харин та бүхэн бага насандаа энэ түүхийн талаар юу бодож байсан бэ одоо харин насанд хүрсэн хойноо юу гэж бодож байна вэ?
Би бол насан хүрээд Үнсгэлжингийн талаас биш түүний хойд эх, түүний хоёр эгчийн талаас илүү их бодов. Тэндээс л яг жинхэнэ амьдрал харагдаж байх шиг. Өнөөдөр бид өөрийн гэсэн байртай, ажилтай байхын төлөө нэгнээ золиосолж, эвдэж амьдарч байна. Яг л тэдэн шиг өнгөтэй мөнгөтэй яваа нэгний цүнх баригч хийж үлгэн салган амьдарч байгаа нэгэн ч байна. Өөөрийн байгаадаа ханан хангалуун сэтгэл тэнүүн яваа нэгэн ч байна. Хүний гэх бүхэн лүү хуруу сарвайж байгаа шуналтай нэгэн ч байна.
Бид ч бас тэдэн шиг үнсгэлжингийн оронд амьдрахын төлөө өөд уруугүй тэмцэж байна.
Гэхдээ тэднээс ялгаатай нь зөв замаар тэмцэж өөрийн гэсэн өрөөтэй болох хэрэгтэйг би л хувьдаа мэдчихсэн.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.