ХЭН ЮУ ХЭЛЭВ: Утаанаас хэрхэн салах вэ? 

2025-06-19 18:21:00

Ногоон зээлийн санхүүжилт, "ДУЛААНБААТАР" аяны талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нарын гишүүд танилцуулж, цаашид хэрхэн яаж агаарын бохирдлыг бууруулах тухай өөрсдийн байр сууриа илэрхийллээ. 

Г.Лувсанжамц: "УИХ-ын ажлын хэсгийг би ахлан ажилласан. Өнөөдөр чуулганы танхим дахь гишүүдийн олонх дэмжсэнээр ногоон зээлийн санхүүжилт, "ДУЛААНБААТАР" аяны тогтоолыг баталлаа. Гэр, байшингаа дулаалах хуулийн орчин, санхүүгийн хөшүүргийн эхлэлийг тавилаа.
Энэ аянд ААН-үүдийн оролцоо их чухал. Аян 2028 он хүртэл тасралтгүй үргэлжилнэ. Дулаан цаг болсон гээд утаагаа мартаж болохгүй. Өвлөөс урьтаж дулаалгаа эрчимжүүлэх ёстой. Агаарын бохирдлыг дулаалгаар л шийдэх боломжтой. Гэтэл бид өнөөдрийг хүртэл төрийн бодлогоор шатдаг материалд татаас олгосоор ирсэн. Үүнээс цааш төрийн бодлого дулаалга, хэмнэлт рүү чиглэнэ. Бид цаашид байшин, гэрээ хэрхэн дулаалах талаар мэдээлэл өгнө. Санхүүгийн, хуулийн ямар боломжууд нээсэн талаар тогтмол мэдээлнэ" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: "Бид сүүлийн 10 жилийн турш байнга маргасаар ирсэн. Дэлхий нийт ногоон зээлийнхээ 80 хувийг дулаалгад зарцуулж байна. Өнөөдөр баталсан тогтоолд ямар байшинд дулаалгын зээл өгөх талаар тусгасан. Мөн энэ сарын 5-нд УИХ бас нэг чухал тогтоол гаргасан нь утаа гаргадаг зууханд улсын төсвөөс дэмжлэг үзүүлэхгүй тухай юм. Олон хүн ажиллаж, өнөөдөр  тогтоол баталсанд баяртай байна" гэв.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: "Би найман жилийн Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт ажилласан юм. Бид утааг бууруулах дөрвөн арга замыг заасан. Үүний нэг нь дулаалга. Гэвч тухайн үед үүнийг ард түмэн хүлээж аваагүй. Гэрийн бүрээс тарааж, дахиад баахан мөнгө үрэх нь гэсэн. Төр засаг ч төдийлөн ойлгоогүй, дэмжээгүй. Тухайн үед ногоон санхүүжилт ч байсангүй. Өнөөдөр үүнийг бодит ажил болгосонд баяртай байна. 2028 он гэхэд УБ-ын утаа эрс багасна гэдэгт итгэж байна" гэв.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: "Энэ аяныг яагаад дэмжин оролцож байна гэхээр гэр хороололд голдуу бага орлоготой өрхүүд амьдардаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмадууд их. Бэст гэр гэх дулаан гэрийн шалгуур нь хүртээмжтэй гэрийн шалгуурыг хангажээ. Хөгжлийн бэрхшээлтэй, гэр хороололд амьдардаг бол энэ аяны талаарх мэдээллийг надаас аваарай. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: "Удахгүй төсөв хэлэлцэнэ. Орон нутгийн удирдлагууд  төсөв батлахдаа дулаалгад анхаараасай гэж уриалж байна. Урт хугацаандаа газрын гүний дулааныг ашиглах бодлого ч бий. Орон нутгийн удирдлагууд, Монголбанк энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд Засгийн газраас хамтран ажиллаарай гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Парламентад байгаль хамгааллын бүлгэм гэж бий. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс арилжааны банкууд руу 50 орчим ам.долларын санхүүжилт олгох ажил явж байна. Цаашид ногоон зээл өсөх боломжийг өнөөдрийн тогтоол нээлээ. АСЕАН-ы 53 улс бий. Цаашид бид  АСЕАН-тай ногоон зээлийн санхүүжилтийг өөр түвшинд ярилцах боломж бүрдлээ" гэв.               

УИХ-ын гишүүн А.Ундраа: "Гал түлэхээр утаа буурна. Гэр дулаан байвал гал түлэх нь буурна. Энэ бол энгийн логик юм. Утааг бууруулж чадвал хүүхдүүдээ ч хамгаалж чадна. Манай улс ногоон барилгын үндэсний үнэлгээний системтэй болсон. Ямар барилгыг ногоон гэх вэ? Хүрэн барилгаас юугаараа ялгаатай вэ гэдгийг тодорхой болгосон. Өнөөдөр баталсан тогтоолд энэ талаар мөн дурдсан талаар дуулгахад таатай байна" гэв. 

 УИХ-ын гишүүн М.Ганхүлэг: Нийт ногоон зээлийн талыг нийслэлд, талыг нь орон нутагт хуваарилах болсон талаар мэдээлэв. Иймд сум, аймгийн болон дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар орон нутгийн төсвөөс дулаалгад мөнгө тавьж байхыг уриаллаа. 

                               


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.