С.Цэнгүүн: Улстөрийн золиос гаргаад эрчим хүчний салбарыг задлах хүн сайд болох ёстой
2025-06-17 13:37:00

Энэ долоо хоногт Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн хэрхэн бүрдэх асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна.
Тэгвэл Шинэ газартай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Эрчим хүч, Барилга, Зам тээврийн яамдыг нэгтгээд Дэд бүтцийн яам болгоход бүтээн байгуулалтын бодлого уялдаатай болж төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлж чадна. 2026 оны улсын хөгжлийн төлөвлөгөөний хөрөнгө оруулалтын нийт төсвийн 33% зам тээврийн салбар. Эрчим хүч 6%. Өнөөдөр Улаанбаатар хот хөлдөх эрсдэлтэй нүүр тулчхаад байхад ийм алдаатай хөгжлийн бодлоготой байж болохгүй. Эрчим хүчний компаниудын худалдан авах ажиллагаанд гүйцэтгэлийн аудит оруулж, давхардсан захиргааны ажилчдыг цомхотгох замаар үйл ажиллагааны процессыг дахин зураглаж, үр өгөөжийг яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэйг хүн бүр мэднэ бас дэмжинэ.
Гэхдээ энэ бол хаалттай салбар. Миний бодлоор улстөрийн золиос гаргаад энэ салбарыг задлах хүн сайд болох ёстой. Богино хугацаанд салбарын болон иргэдийн эсэргүүцлийг авах ч ирээдүйд чухал шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй. Дан ганц салбарын сайд биш Ерөнхий сайд өөрөө галаа авч манлайлах болов уу гэж найдаж байна.
Шинэ ЗГ тухайд яамдыг нэгтгэж улсын төсвөө танаж, тэр дотроо асуудлаа зөв эрэмбэлээд Эрчим хүчний төслүүддээ хангалттай хөрөнгө оруулалт тавих ёстой. Мөн салбарын хууль эрхзүйн нөхцөл байдлыг сайжруулснаар хувийн хөрөнгө оруулагч нарыг татаж чадна. Гишүүдийн Ерөнхий сайдаас асуусан хамгийн их давтагдсан асуулт бол Эрчим хүчний реформ. Иймд шинэ засгийн газрын ажлын даалгавар тодорхой" гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.