МАН-ын бага хурал Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ
2025-06-09 19:50:00

МАН-ын нууц санал хураалтын дүн гарч, 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар сонгогдлоо. Үүний дараа хууль, журмын дагуу дараах үйл явц үргэлжилнэ:
1. Намын бага хурал – Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулна.
2. Ерөнхийлөгчид санал болгоно – Намын зүгээс нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид танилцуулна.
3. Ерөнхийлөгч УИХ-д өргөн барина – Ерөнхийлөгч нэр дэвшигчийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
4. УИХ санал хурааж томилно – УИХ-ын гишүүд санал хурааж, Ерөнхий сайдыг томилно.
5. Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ – Томилогдсон Ерөнхий сайд шинэ Засгийн газраа байгуулна.
Г.Занданшатар нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдсаныхаа дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон. Тэрбээр өмнө нь УИХ-д таван удаа сонгогдон ажиллаж байсны зэрэгцээ Гадаад харилцааны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд зэрэг албыг хашиж байсан юм.
Боловсрол
– 1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.
– 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн.
– АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.
Ажилласан байдал:
• 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач
• 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал
• 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч
• 2000-2003 онд ХААН банкны дэд захирал
• 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
• 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд
• 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
• 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
• 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
• 2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
• 2024 оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.