Засгийн газрын өр МУ-ын ДНБ-ийн 40-45 хувьтай тэнцэж байна
2025-05-30 11:56:00

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар зарим хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг ЭЦЭСЛЭН БАТЛАХ санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон гишүүдийн 82.3 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6.0 хувь, 2027-2028 онд тус тус 6.5 хувь байхаар тооцож, тусгасан байна.
Эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой түвшинд хадгалахад уул уурхайн салбарт хэрэгжиж буй том төслүүд хэвийн үргэлжлэх, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүд үе шаттай хэрэгжих зэрэг хүчин зүйлс чухал ач холбогдолтой аж. Мөн хуулийн төсөлд инфляцыг 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6.0 хувь байхаар тусгаад байна.
Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг тогтвортой нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх, төсвийн зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлагын хэмжээ 2026 онд 33,479.5 тэрбум төгрөг, 2027 онд 35,628.6 тэрбум төгрөг, 2028 онд 39,086.0 тэрбум төгрөг байхаар тооцсон.
Энэ хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлага 2026 онд ДНБ-ий 31.7 хувь, 2027 онд 30.4 хувь, 2028 онд 29.6 хувь болж үе шаттай буурч, дунд хугацаанд нэгдсэн төсөв алдагдалгүй байхаар төлөвлөжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.