Х.Нямбаатар: Бидний хувьд гэр хорооллыг өөрчилсөн шиг өөрчилнө

2025-05-29 15:32:00

Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд бүх үйлчилгээ нэг дор байрласан 20 минутын хотыг байгуулахаар болсон. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын дарга Х.Нямбаатар "Өнөөдөр анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж байна. Бид энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд жилийн өмнө эхлээд эрх зүйн орчноо бэлдсэн. УИХ-аар Нийслэлийн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах тухай анхдагч хуулийг батлуулсан. Мөн Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгө мөнгө босгох эрх зүйн орчноо бэхжүүлсэн.

Үүний дараа газар чөлөөлөх ажлаа эхлүүлж, олон улсын зах зээл дээрээс бонд босгож, санхүүгийн эх үүсвэрээ бэлдсэн. Зураг төсөв, ТЭЗҮ-ээ боловсруулаад өнөөдөр барилгын ажлаа эхлүүлж байна. Энэ богино хугацаанд чамгүй ажлуудыг амжуулсан баг хамт олондоо талархал илэрхийлмээр байна. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил гараанаас гарч байна.

Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны залуучуудыг магтах ёстой. Нийслэлд өмнө нь ийм хэмжээний газар чөлөөлөлт хийж байсан туршлага байхгүй. Эдгээр залуучууд иргэдтэй зөвшилцөж, хийх бүтээн байгуулалтаа танилцуулж, өмчийн эзний хөрөнгийг зохих ёсоор үнэлж, бүтээн байгуулалтын талбайг бэлдэж өгсөнд талархал илэрхийлье.

Сэлбийн бүтээн байгуулалт III, IV хороолол дээр “Өнөр” хорооллыг нэмсэн дайны том бүтээн байгуулалт болно. Өөрөөр хэлбэл, нийтдээ 13 мянган айлын үйлчилгээтэй орон сууцны цогц төсөл болох юм. Бид энэ ажлыг 24 сарын хугацаанд барьж, гэр хорооллын агаар, хөрсний бохирдлоос ангижруулах зорилт тавьсан.

Энд баригдах орон сууцны хэрэглээний усыг зэс хоолойгоор шийдэж байгаа. Мөн дундын хэрэглээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийднэ. Тухайлбал нарны панелаар орцны гэрэлтүүлэг, лифт зэргийн эрчим хүчийг шийдэхээр төлөвлөсөн. Түүнчлэн Сэлбэ гол дээр хөв цөөрөм байгуулж үерийн усны тохируулга хийнэ. Хөв цөөрөмтэйгөө уялдуулж усны хаялга, борооны ус зайлуулах шугам, шуудууг нь угсарна.

Сэлбийн бүтээн байгуулалт хийгдэж буй орчимд өнөөдөр ерөнхий боловсролын 3 сургууль хичээллэж байгаа. Үүн дээр нэмээд гадаад хэл, техник, спортын төрөлжсөн хөтөлбөртэй 3 сургуулийг төслийн хүрээнд ашиглалтад оруулна. Харин сургуулийн өмнөх насны боловсролын тухайд 5 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн. Мөн Монгол Улсын циркийг энд байгуулах талаар Соёлын яамтай зөвшилцөж, төлөвлөлтөө хийсэн гэдгийг хэлье. Бидний хувьд гэр хорооллыг өөрчилсөн шиг өөрчилнө. Ирээдүйд Сэлбэ дэд төвийн иргэд заавал хотын төв рүү орох шаардлагагүй байх боломжийг бүрдүүлнэ" гэлээ.

Уг байранд орох иргэд ирэх наймдугаар сараас эхлэн захиалгаа өгч болно. Давхар, байршлаасаа шалтгаалаад үнэ харилцан адилгүй байна гэдгийг Улаанбаатар хотын захирагч онцоллоо. Уг ажлыг Хятадын хөрөнгө оруулалттай компани 24 сарын дотор хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд, 10 мянган өрхийн 113 блок орон сууц, 17 км орчим автозам, 43 км явган зам, 28.9 км дугуйн зам зэрэг төвлөрсөн бүтээн байгуулалтыг бий олгох ажээ. Уг төслийг Хятад улсын "Чайна констракшн" компаниар гүйцэтгүүлэхээр болсон.

"Сэлбэ дэд төвийг 2027 онд бүрэн дуусгаж хүлээлгэж өгнө. Монголын иргэдэд чанартай, тухтай орон сууцыг барьж өгнө. Монгол компани туслан гүйцэтгэгчээр ажиллана. Ингэхдээ нийт ажилчдын 60-70 хувь нь монгол ажилчид байна. Үлдсэн ажиллах хүчийг Хятад улсаас авч ирж ажиллуулна" гэж "Чайна констракшн" компанийн захирал хэлэв.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.