“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалтад Төв аймгийн 27 сумын 350 гаруй төлөөлөгч оролцжээ

2025-05-27 15:36:00

Монгол цэргийн нэгдсэн холбоо санаачлан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалтыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төв аймгийн ЗДТГ-тай хамтран Зуунмод хотноо зохион байгуулав. Тус чуулга, уулзалтанд тус аймгийн 27 сумын 97 багт ажиллаж, амьдарч байгаа цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн төлөөлөл болсон бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагч 350 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Дайны хүнд цаг үед дайчдаа командлан ялалт байгуулахад оройлон манлайлсан Монгол жанжидын нэг Монгол Улсын баатар, хурандаа генерал Бутачийн Цог болон хорин гуравхан насандаа эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж, амиа өргөсөн Төв аймгийн Борнуур сумын харьяат Монгол Улсын баатар Дуламдоржийн Самдан нарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр чуулган үйл ажиллагаагаа эхлүүлэв. “Монгол туургатан” театрт дэлгэгдсэн Монгол цэргийн музейн “Монгол цэргийн дайчин уламжлал”, “Монгол цэргийн холбоо нийгэмд танигдсан 10 жил”, Төв аймгийн музейн “Төв аймгийнхан эх орноо хамгаалах үйл хэрэгт” сэдэвт үзэсгэлэнг үзэж сонирхон үе үеийн ахмад эх орончдынхоо дайчин алдрыг дурссан халуун яриа өрнүүлж байлаа.

“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалтад ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Төв аймгийн Засаг дарга Т.Төмөрчөдөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нарын хүндэт зачид оролцлоо.

Дэслэгч генерал Ц.Тогоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг сонордуулж, цэргийн бэлтгэл үүрэгтнүүд Эх оронч үзэл, үндэсний бахархлыг хөгжүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд нийгмийн манлайлагч иргэд байх ёстойг захиж, Төв аймгаас олон арван генерал цолтон, эх орончид төрөн гарсныг үлгэр дууриалал болгон онцлон дурдлаа.

ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба чуулга уулзалтад оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны чухал бүрэлдэхүүн болсон орон нутгийн хамгаалалт болон дайчилгааны асуудалд цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн гүйцэтгэх үүрэг, оролцоо өндөр болохыг онцлон тэмдэглэж, чуулганы үеэр тодорхой сэдвийн хүрээнд явагдах чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэгд идэвхтэй оролцож, өөрсдийн санал, сэтгэгдлээ хуваалцахыг уриаллаа.

Чуулга уулзалтын үеэр "Эх оронч үзэл бахархлыг түгээхэд бэлтгэл үүрэгтнүүдийн оролцоо”, “Тусгаар тогтнол ба монгол эрчүүд”, “Чөлөөлөх дайнд Монгол Улсын оролцоо” сэдвээр үндсэн илтгэлүүд тавигдаж, “Монгол туургатан” театрын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн бол ЦДБЭЧ-ын уран бүтээлчид цэргийн цог жавхаат дуу хөгжим, бүжиг болон шинэхэн уран бүтээлээсээ дээжлэн толилуулав.

Бэлтгэл үүрэгтнүүд тусгайлан бэлтгэсэн асарт цэрэг үеийнхээ хоолоо амтархан зооглож, алба хаах үеийнхээ хөгжилтэй дурсамжийг хуваалцан, Зэвсэгт хүчний Хуурай замын командлалын байр болон үйл ажиллагаатай нь хэсэгчлэн танилцаж, идэр насныхаа бахархлыг дурсан санацгаасан сайхан үйл явдал боллоо.

Монгол дээлээр гоёсон төлөөлөгчдийг онцолбол Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2006 онд алба хаасан Батжаргалын Төрбат, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд мөн 2006 онд алба хаасан Буриадын Цогтбаатар, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид 2000 онд алба хаасан Нямзааны Бат-Орших, Хилийн цэргийн дугаар ангид 2000 онд алба хаасан Балдандоржийн Эрдэнэбат, 2009 оны түрүүч Уранцэцэгийн Бямбахүү, 2023 онд алба хаасан Нандин-Эрдэнийн Содномжамц нар байв. Тэд “Хүний омогшил, бахархлыг төрүүлдэг зүйл бол яахын аргагүй би цэрэг хүн гэх бодол. Энэ бодол намайг өөртөө итгэх итгэлийг үргэлж нэмдэг юм. Хээр гаралгүй удсан байна, онжавуудтайгаа онигоо ярилгүй ч бас удсан байна. Буугаа тэврэлгүй бүр их удсан байна хэмээн хөөрцөглөж сэтгэгдлээ хуваалцаж байсан нь нэн бахархалтай байлаа.

Орон нутагт Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэй ажиллаж буй зарим иргэдийг Төв аймгийн засаг даргын болон БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, Дотоодын цэргийн шагналуудаар шагнаж урамшууллаа.

Чуулганд оролцогч нар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд зочилж, тус нэгтгэлээс төрөн гарсан Монгол Улсын Арван баатрын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, цэрэг эрсийн Монгол Улсын Цэргийн тангараг давтах, нэгдсэн тооны ажиллагаа, маршийн аялгуу, ёслолын жагсаалыг үзэж бахархал дүүрэн байв. Залуу нас, цэрэг амьдрал, дурсамж дурдатгалыг минь сэргээж бадраасан ийм сайхан арга хэмжээг зохион байгуулж, оролцуулсанд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа төлөөлөгчид илэрхийлж, тэдний нүд үнэн сэтгэлийнх нь үгийг баталж байлаа...

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд энэ оны 9 дүгээр сард Өвөрхангай аймагт “Бид эх орны цэргүүд” чуулга, уулзалт зохион байгуулагдах болно.

 МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.