Дүнжингарав дахь дэлбэрэлтийн хэргийг прокурорт буцаана
2025-05-26 13:13:00

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт гарсан газ дэлбэрэлтийн хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргажээ. Өнөөдөр сүүлийн хүн шүүхийн захирамж гардан авсан бөгөөд хуульд зааснаар тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол прокурорт хүргүүлэх гэнэ. "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт газ дэлбэрч, олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг нэг сарын өмнө /2025.04.22/ болсон. Шүүхээс зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзэн, дахин шинжээч томилохоор шийдвэрлэсэн юм. Мөн гал түймрийн аюултай бодис тээвэрлэж байгаа этгээд онцгой байдлын газраас дүгнэлт авах шаардлагатай. Үүнээс гадна галд өртөж, шатсан 207 дугаар байрыг ашиглалтад хүлээж авахдаа галын дүгнэлт тодорхойгүй байсан бөгөөд тодруулах шаардлагатай гэж шийдвэрлэсэн.
Хэргийг прокурорын байгууллагаас /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан юм.
Тус хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн байдаг. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авсан талаар албаныхан мэдээлсэн билээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.