Титэм судасны хүнд зэргийн нарийслыг Монголдоо эмчлэх боломж бүрдлээ
2025-05-22 16:29:00

“Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, зорилтот ажлын хүрээнд Улсын II төв эмнэлгийн таван хүнтэй эмч нарын баг “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г Монгол Улсад нутагшуулах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотод суралцаад иржээ.
УХТЭ-ийн Зүрх судас судлалын тасгийн шигдээсийн нэгж хамтран дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад орууллаа.
Уг дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Титэм судасны дисплази эмчилгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэх, хүндрэл болон нас баралтыг бууруулах, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх, гадаад улс руу эмчилгээний шаардлагаар зорих урсгалыг багасгах ач холбогдолтой юм.
Мөн зүрхний судасны дотуурх мэс заслын (PCI) эмчилгээг нотолгоонд суурилан илүү нарийвчлалтай гүйцэтгэх боломжийг нээж, салбарын хөгжилд шинэ хуудсыг эхлүүлж байна.
Энэ эмчилгээний үр дүн чанарын хувьд IVUS-гаар чиглүүлсэн стент суулгалт нь зөвхөн ангиографид суурилсан аргаар хийснээс гурван жилд зорилтот судасны бүтэлгүйтлийг 38–45 хувиар бууруулсныг тогтоожээ.
Эдгээр шинжлэх ухааны нотолгоо нь УХТЭ-ийн шинэ төхөөрөмжийг ашигласнаар манай улсын зүрх судасны энэ төрлийн эмчилгээ шаардлагатай өвчтөнд дэлхийд батлагдсан стандартын үр дүнтэй эмчилгээг үзүүлэх нөхцөл бүрдэж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.