Ж.Бат-ЭрдэнэVS Ж.Энхбаяр: Хэн нь эх оронч вэ?
2025-05-16 14:39:00

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын дийлэнх олонх буюу 59 гишүүн дэмжээгүй учраас хуулийн төслийг буцаалаа. Ингэснээр “Гурил, тэжээлийн импортын гаалийн татварыг тэглэх хууль” хүчин төгөлдөр хэвээр үлдлээ. Үүнд ХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нэлээд бухимдан “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хараар бичигдэх үйл явдал боллоо. УИХ-ын дарга өөрөө УИХ-ын индэр дээрээс удирдан чиглүүлж байгаад газар тариалан, хөдөө аж ахуйн тулгуур салбар, 600 мянган аж ахуй нэгжийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад гутаж, харамсаж байна. УИХ эх орон ч шийдвэр гаргана гэсэн ч тэгсэнгүй.
Газар тариалангийн үйлдвэрлэл, хаврын тариалалт ид явж байгаа энэ үед Монгол улсад улаанбуудай шаардлагагүй, дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй импортоор хангана гэсэн бодлогыг гаргаж байна.
Өнгөрсөн парламентаар баталсан энэ хуулийн үр дүнд манай улсын тариалалт эрс буурч, гурил үйлдвэрлэл хүчтэй багассан. Олон сая доллароор гаднаас бэлэн гурил, малын тэжээл авсаар байна. Бидэнд ковидын үед авсан сургамж бий.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж, үр дүнд нь газар тариалангийн салбар бүтэн сэргэж, ган зудын эрсдэлээс бүрэн ангижирч чадсан. Энэ бодлогыг дэмжиж Засгийн газар Атрын дөрөвдүгээр аяныг эхлүүлж, улам бүр эрчимжүүлж байгаа энэ үед улаанбуудайг тариулахгүй байх бодлогыг УИХ батлалаа. Энэ бол эх орны үндэсний эрх ашгаас урвасан үйлдэл" гэсэн бол эсэргүүцсэн гишүүдийн нэг Ж.Бат-Эрдэнэ “УИХ-аас гаргасан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Гурилын үйлдвэр дээр тодорхой хэмжээний монопол байгаа. 32 гурилын үйлдвэр ажиллаж байсан ч өнөөдөр яагаад 5-6 үйлдвэр л ажиллаж байгаа юм. Улаанбаатарт байгаа хэдхэн үйлдвэр бүх зах зээлийг атгаж байна. Өнгөрсөн онд гурилын импортыг тэглэснээр гурилын үнэ баруун бүсэд буусан.
Гурил, тэжээлийн импортын гаалийн татварыг тэглэснээр 600 мянган хүн ажиллаж байгаа салбар унана гэсэн ойлголт байхгүй. Үүнийг төр зохицуулах ёстой. Би үүний ард гурилын үйлдвэрийн лобби явж байна гэж харж байна. Зах зээлийг тавхан компани атгах ёсгүй” гэдэг тайлбарыг өглөө.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.