Экспорт 4.2 тэрбум ам.доллар, импорт 3.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 683 сая орчим ам.долларын ашигтай гарчээ

2025-05-15 14:33:00

Үндэсний статистикийн хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын экспортын мэдээг танилцуулжээ. Тухайн сард экспорт өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. 

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар, Монгол Улс нийт 135 улстай худалдаа хийсэн байна. Ингэснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.8 тэрбум ам. долларт хүрчээ. Үүнээс экспорт 4.2 тэрбум ам.доллар, импорт 3.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 683 сая орчим ам.долларын ашигтай гарсан байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 562 сая ам.доллар , экспорт 695 сая ам.доллароор буурсан бол импорт 132 сая ам.доллароор өсчээ. Экспорт өмнөх оны мөн үеэс 695 сая ам.доллароор буурахад, нүүрс, боловсруулаагүй газрын тос, ямааны мах, төмрийн хүдэр, баяжмал, амьтны самнасан үс, хялгас зэрэг бүтээгдэхүүний экспорт буурсан нь гол нөлөө үзүүлжээ.

Тодруулбал, нүүрс 1.2 тэрбум ам.доллар,боловсруулаагүй газрын тос 25.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 20 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 13.5 сая ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 10.5 сая ам.доллароор тус тус буурсан байна.

Харин зэсийн хүдэр ба баяжмал 500 гаруй сая ам.доллар, жоншны хүдэр ,баяжмал 32.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 31.2 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарчээ.

Он гарсаар дөрөвдүгээр сарын байдлаар импорт 132 сая ам.доллароор өссөн байна. Үүнд автомашины импорт голлон нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, суудлын автомашины импорт 109.5 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 20.4 сая ам. доллароор тус тус өссөн байгаа юм.

2025 оны эхний дөрөвдүгээр сард, алтны үнэ өмнөх оны мөн үеэс унци тутамд 728 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 349 ам.доллароор тус тус өссөн байна.

Харин төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 8.2 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 47.4 ам .доллароор буурсан байна.

2025 оны эхний дөрөвдүгээр сард БНХАУ, Швейцарь, ОХУ, АНУ-руу хамгийн их бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Тухайлбал, БНХАУ-д экспортолсон барааны 47.5 хувийг нүүрс, 35.5 хувийг зэсийн хүдэр,баяжмал эзэлж байгаа бол Швейцарь улсад экспортолсон барааны 99.5 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.