Улаанбурханаар өвдсөн 4 сартай хүүхэд нас баржээ

2025-05-13 18:23:00

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар Халдвар Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр /2025.05.13/ мэдээлэл хийлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр:Улаанбурханаар өвдсөн хүмүүсийн 40 орчим хувийг 10-14 насныхан, 22 хувийг 0-4 насныхан эзэлж байна

"Хоёрдугаар сарын 18-наас хойш Улаанбурхан бүртгэгдсэнээр Нийслэл, аймгийн эрүүл мэндийн газруудын дохиоллын удирдлагын тогтолцоо идэвхжин эрчимжиж тандалт хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Нийт 1756 тохиолдол бүртгэгдсэнээс 1199 нь эдгэрсэн. Улсын хэмжээнд нийт 11 аймагт улаанбурханы тохиолдол бүртгэгдсэн. Нийт тохиолдлын 73 хувь нь нийслэлд, 27 хувь нь бусад аймагт бүртгэгдээд байна. Улаанбурханаар өвдсөн хүмүүсийн 40 орчим хувийг 10-14 насныхан, 22 хувийг 0-4 насныхан эзэлж байна.

Хоёрдугаар сарын 8-наас хойш нийт 804 хүн эмнлэгт хэвтэж эмчлэгдээд гарсан байна. Одоогоор 264 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Харамсалтай нь улаанбурханаар оношлогдсон дөрвөн сартай өвчтөн өнөөдөр /2025.05.13/ эндлээ. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Хүүхдийн биеийн байдал тун хүнд ирсэн. 2-3 эмнэлэг дамжсан, сар гаруй хатгалгаатай явсан байсан" гэлээ. Мөн тэрбээр, тохиолдлын удирдлагын тогтолцоо ажиллан 7 хоног болгон хуралдаж, тандалт хариу арга хэмжээг авч явж байна. Улсын хэмжээнд тандалт хариу арга хэмжээний ажил 87 орчим хувьтай явж байгаа. Нийт 18 аймагт дэмжлэг хяналтаар очиж ажиллаж байна. 33 мянга гаруй тохиолдол дээр бол тандалт хавьтал судалгаа хийгдэж баталгаажуулалтын хариу арга хэмжээг хийсэн. Сүүлийн үед бол улаан бурхны тохиолдолд ихэссэнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн хүлээн авахад төвөөр үйлчлүүлэгчийн тоо эрс нэмэгдсэн гэсэн юм.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Улаанбурхан өвчин халдварлалтын зэргээрээ халдварт өвчнүүдийн дотор өндөрт тооцогддог, цочмог халдварт өвчин.

"Улаанбурхан өвчин халдварлалтын зэргээрээ халдварт өвчнүүдийн дотор өндөрт тооцогддог, цочмог халдварт өвчин. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаажуулалтыг үндэсний товлолын дагуу 9 сартайд, хоёр настайд нь дархлаажуулалтад хамруулдаг. Хүүхдүүд уг хоёр тунд бүрэн хамрагдах ёстой. Ингэснээр улаанбурхан өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.

Дархлаажуулалтад хамрагдаагүй, эсвэл бүрэн тунд хамрагдаагүй хүүхдүүд өвдөх эрсдэлтэй. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ товлолын дагуу 9 сартайд нь болон 2 настайд нь дархлаажуулалтад бүрэн хамруулахад нь анхаарах хэрэгтэй.

Хамрагдсан эсэхийг нь нягтлаад хэрэв ямар нэгэн шалтгаанаар товлолт вакцинаас хоцорсон бол сум, өрхийн эрүүл мэндийн төв дээр очоод 15 хүртэлх насны хүүхдэд нөхөн дархлаажуулалтад хамруулах боломжтой. Вакцинд хамрагдсан эсэхийг эх хүүхдийн ягаан дэвтэр дээр тэмдэглэсэн байдаг. Хамрагдаагүй бол өрхийн эрүүл мэндийн төвд хандах ёстой. Хэрэв батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол 72 цагийн дотор дархлаажуулах арга хэмжээнд хамрагдах шаардлагатай" гэв.

Улаанбурхны дэгдэлт ихэссэнтэй холбоотой дархлаажуулалтдаа хамрагдаагүй хүүхдүүд хүнд өвдөх эрсдэл өндөр байгаа ажээ. Мөн архаг хууч өвчтэй хүмүүст хүндрэл гарах эрсдэлтэй. Тиймээс дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.