Л.Энх-Амгалан: Тэтгэвэрийн зээлийн шалгуур хэт хатуудсан учир арай уян хатан болгоно

2025-05-07 16:23:00

Ахмад настнууд тэтгэврээ 100 хувь барьцаалж банкнаас зээл авдаг нь эргээд санхүүгийн дарамтад орж байна гэх үндэслэлээр тэтгэвэр барьцаалсан зээлд тавих өр, орлогын харьцааг Монголбанкнаас өөрчилсөн. Энэхүү шийдвэр өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн нь бага тэтгэвэр авдаг ахмадуудад хүндээр тусах болсон юм. Тэгвэл тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан шалгуур хатуудсан тул зөөллөхөөр ажиллаж байна гэж Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

 “Ахмад настны тэтгэвэр барьцаалсан авсан зээл банкны системд том хувь эзэлдэг. Ахмадууд зээлээ өөртөө зарцуулж байна уу гэхээр ихэнх тохиолдолд үр хүүхдийнхээ сургалтын төлбөрт, эсвэл үр хүүхдийнхээ зээлийг төлөхөд зарцуулдаг судалгаа гарсан.

Ахмад настнуудын маань 50 гаруй хувь бага тэтгэвэр авдаг.  Тэтгэврээ бүгдийг барьцаалаад зээл авахаар эрсдэлд оруулж байна гэж өөрсдөө ярьсан. Мөн үр хүүхэд нь эцэг, эхдээ мэдэгдэлгүй тэтгэврийн зээл авч ашигласан гэмт хэрэг ч олон гарсан. Энэ асуудлыг зохицуулах шаардлагатай гэдэг хүсэлт Монголын Ахмадын холбооноос ирсэн.

Тийм учраас Монголбанктай ярьж байгаад шийдэл гаргасан нь хатуудсан. Монголбанк ч шийдвэр хатуудсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.  Амьжиргааны доод түвшинтэй тэнцэх хэмжээний тэтгэврийг авч үлдэх ёстой гэхээр сарын 650 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн 500 мянган төгрөгөө өөртөө авч үлдээд 150 мянгаа тэтгэврийн зээлд өгөхөөр 100 хувь тэтгэврээ барьцаалж байсан ахмадуудад хүндрэлтэй тусч байгаа юм билээ.

Тийм учраас тэтгэврийнх нь 50 хувь өөрт нь үлдээд,  үлдсэн 50 хувиа зээлд өгөх зохицуулалт хийхээр ярилцаж байна.  Гол нь ахмадууд зээлээ өөрийнхөө эрүүл мэнд, асаргаа сувилгаа, хүнсээ бэлдэхэд зарцуулах ёстой.

Ахмадууд ч зөвөөр ойлгох ёстой. Ахмадуудаа чангалах гээд байгаа юм биш. Ахмадуудынхаа амьжиргааг нь хамгаалах зорилгоор хийсэн зохицуулалт. Ахмадуудынхаа амьжиргааны орлогыг хамгаалах зорилгоор хийсэн зохицуулалт байсан.

Хоёрдугаарт, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг арилжааны банкуудтай ярьж байна. Арилжааны банкуудтай ярьж байна гэдэг нь Тэтгэврийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг бид жилийн 15 хувийн хүүтэй хадгалуулж байна, энэ жилээс. Өмнө нь 3 хувийн хүүтэй хадгалуулдаг байсан.

Энэ жил бид системийн нөлөө бүхий дөрвөн банкинд 700 гаруй тэрбум төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй барйшуулахаар 108 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олно.

Мөн Тэтгэврийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг байршуулж байгаа банкуудтай тухайн банкнаас зээл авсан ахмадуудад хүүгийн хөнгөлөлт үзүүлээч гэдэг хэлэлцээрийг эхлүүлнэ. Одоо би шууд тэтгэврийн зээлийн хүү тэдэн хувиар буурна гэж хэлж чадахгүй. Бодлогын хүүнээс эхлээд олон зүйлийг харгалзан үзэж, зээлийн хүү тогтоно.  Удахгүй тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр эхлэх нь гэж ойлгож болно” гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.