Б.Чойжилсүрэн: Цахилгааны үнийг бодит өртгөөс 2 дахин бага тогтоосноос 355 тэрбумын алдагдал хүлээхээр байна

2025-05-07 12:51:00

Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийн тухай мэдээллийг Байнгын хорооны хуралдаанд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хийлээ.

Тэрбээр манай улсын эрчим хүчний салбарт үнэ, тарифыг бодит өртгөөс доогуур тогтоож ирсэн буюу 1.0 кВт.ц цахилгааны өртөг 280 төгрөг байхад хэрэглэгчээс авах үнийг 2023-2024 онд 216 төгрөгөөр, үүнээс айл өрхийн үнийг дунджаар 140 төгрөгөөр буюу бодит өртгөөс хоёр дахин доогуур тогтоогдож ирснийг онцлов.

Үүнээс шалтгаалан нүүрсний уурхай, төмөр замын тээвэр болон эрчим хүчний салбар 2024 онд нийтдээ 355 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгааг ярилаа. Хуримтлагдсан өр төлбөр 357 тэрбум төгрөгт хүрсний улмаас түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд гарах эрсдэл нэмэгдсэн зэргийг харгалзан эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөгт нийцүүлэн шинэчлэн тогтоох зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нэмэгдүүлж, дунджаар 216 төгрөгөөс 280 төгрөгт хүргэн 29.6 хувиар нэмэгдүүлсэн.

Энэ хүрээнд уул уурхайн олборлох боловсруулах аж үйлдвэр ангиллын дундаж тариф 294 төгрөг байсныг 342 төгрөг болгож 16.3 хувиар, бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагынх 222 төгрөг байсныг 291 төгрөг болгож 30.7 хувиар, айл өрхийнх 140 төгрөг байсныг 212 төгрөг болгож 50.8 хувиар тус тус нэмжээ.

Айл өрх эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх сонирхлыг төрүүлэх, төлбөрийн ачааллыг бүууруулах үүднээс хэрэглээнээс хамаарсан гурван шатлал бүхий тарифыг нэвтрүүлсэн.

Энгийн тоолууртай айл өрхийн цахилгааны тариф 150 кВт.ц хүртэл хэрэглээнд 134.28 төгрөг байсныг 175.00 төгрөг болгож 30 хувиар, 151 кВт.ц-аас дээш хэрэглээнийх 154.08 төгрөг байсныг 300 кВт.ц хүртэлх хэрэглээнд 256 төгрөг болгож 66 хувиар, 301 кВт.ц-аас дээш хэрэглээнд 285 төгрөг болгож 85 хувиар тус тус нэмжээ. Мөн гурван цагийн ялгаварт тарифыг шинээр нэвтрүүлж, оройн оргил цагийн тариф өндөр, өдрийн болон шөнийн цагийн тариф доогуур түвшинд байхаар тогтоосон байна.

Харин дулааны эрчим хүчний шинэчлэгдсэн тарифыг 2025 оны тавдугаар сарын 16- наас мөрдөх байсныг "Олон улсын худалдааны тарифын нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 132 дугаар тогтоолын дагуу 2026 оны нэгдүгээр сарын 01-нийг хүртэл хойшлуулаад байна.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.