Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ
2025-05-05 17:13:00

Энэ сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж Ерөнхий сайд мэдэгдэв.
Энэ нь Замын-Үүдийн дараа, БНХАУ-тай холбогдох хоёр дахь төмөр замын холболт болох юм. Дараа нь Шивээхүрэн, Бичигт, Ханги, Мандал боомтуудыг мөн төмөр замаар холбоно.
Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдөр “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
УИХ энэ хуулийг баталсан тул бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд БНХАУ-ын компаниуд бэлэн болжээ.
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдийг эцэслэн шийдсэний дараа төмөр зам барих тендер зарласан. Тендерийн хуулийн хугацаа 30 хоног байв. Сарын хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, төмөр замын хил холболтын ажил эхэлнэ.
Бүтээн байгуулалтыг 1.9 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2027 оноос төмөр зам холбогдон, ашиглалтад орно гэж Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэв. Санхүүжилтийн 976 тэрбум төгрөгийг нүүрсээр төлөхгүй, "Эрдэнэс Тавантолгой" компаниас гаргана.
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын хэлэлцээрийг БНХАУ-ын талтай 2025 оны хоёрдугаар сарын 13-15-ны хооронд эцэслэсэн юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.