Палеонтологи, Археологийн мэргэжлийн зөвлөл хуралдлаа
2025-04-22 13:57:00

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/107 дугаар тушаалаар байгуулагдсан палеонтологи болон археологийн мэргэжлийн зөвлөл тус тус хуралдаж, 2025 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг хэлэлцлээ.
Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн яам болон палеонтологи болон археологийн чиглэлийн тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллагуудын доктор, академич зэрэгтэй эрдэмтэн судлаачдын төлөөлөл орсон.
Палеонтологи болон археологийн хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрөл нь авран хамгаалах судалгаа (соёлын биет өвийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, газрын гадарга ба газрын хэвлийг хөндөхөөс өмнө палеонтологи, археологийн хайгуул, малтлага хийж, соёлын биет өвийг аюулгүй болгох зорилготой) болон эрдэм шинжилгээний судалгаа (палеонтологи, археологийн шинжлэх ухааны тодорхой сэдвийн хүрээнд шинэ ба нэмэлт мэдлэг бий болгох зорилготой) гэсэн 2 төрөлтэй ба чиглэлийн мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагад олгодог.
Мэргэжлийн зөвлөлийн хурлаар палеонтологийн чиглэлийн 3 байгууллагын 14 төсөл, археологийн чиглэлийн 6 байгууллагын 101 төслийг тус тус хэлэлцэж, 2025 онд палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрөл олгох асуудлыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжлахаар шийдвэрлэсэн.
Цаашид мэргэжлийн зөвлөл нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, палеонтологи болон археологийн хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрөлд хяналт тавих чиг үүрэгтэй ажиллах юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.