Дэслэгч генерел Ц.Тогоо: Эх орноо батлан хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал

2025-04-10 12:32:00

ЗХЖШ, "Монгол цэргийн нэгдсэн холбоо" ТББ хамтран “Эх оронч үзэл-Үндэсний бахархал-Батлан хамгаалах үйлсэд оюутан, залуус” чуулга уулзалтыг МҮИС-ийн байрлалд зохион байгууллаа.

Энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, БХЯ-наас дэвшүүлсэн “Эх оронч монгол-Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд оюутан залууст эх орноо хайрлан хамгаалах, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн, батлан хамгаалах үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах зорилготой юм.

Уулзалтад МҮИС-ийн 800 гаруй оюутан залуус, багш нар болон ЗХЖШ, "Монгол цэргийн нэгдсэн холбоо" ТББ-ын удирдлага, холбогдох албаны бие бүрэлдэхүүн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бэлтгэл генерал, офицеруудын төлөөлөл оролцсон юм. Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга дэслэгч генерал Ц.Тогоо хэлсэн үгэндээ Монгол Улсын хамгийн том их сургуулиудын нэг болох Монгол Үндэсний их сургуульд хүрэлцэн ирж улс, эх орны ирээдүй хойч үе болсон залуустайгаа уулзах таатай байгаагаа илэрхийлээд туурга тусгаар улсаа батлан хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал болохыг онцолсон юм.

Үргэлжлүүлэн ЗХЖШ-ын Цэрэг-Иргэний ажиллагааны хэлтсийн дарга хурандаа С.Тэмүүлэнзаяа “Батлан хамгаалах үйлсэд оюутан, залуус” төслийг танилцуулсан бол ХХЕГ-ын Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн хилийн аюулгүй байдал, судлалын төвийн ахлах судлаач, доктор, дэд профессор хурандаа Б.Лувсанравдан “Эх оронч үзэл-Үндэсний бахархал” сэдвээр оюутан залуусын дунд лекц хэлэлцүүллээ.

Мөн энэ үеэр ЗХЖШ-аас QR код ашиглан оюутан залуусын эх орноо хайрлан хамгаалах ухамсар, эх оронч үзлийн түвшнийг тогтоох социологийн судалгааг авсан юм. Уг судалгааг холбогдох мэргэжилтнүүд боловсруулж, эх оронч үзэлтэй оюутан залуусыг төлөвшүүлэхэд шаардлагатай ажил, арга хэмжээнүүдийг тодотгож, дүгнэлтийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын бүрэлдэхүүнд уламжлах аж.

Түүнчлэн арга хэмжээний хүрээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, багш, оюутан залууст зориулан “Монгол цэргийн нэгдсэн холбоо-Нийгэмд танигдсан 11 жил”, “Мөнхөд дуурьсагдах баатрууд” сэдэвт ховор нандин гэрэл зургууд, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үе үеийн хувцас, буу хэрэглэл, медалион болон дайны хүнд хэцүү цаг үеүдэд эх орноо батлан хамгаалах үйлсэд онц гавьяа байгуулсан эрхмүүдийн биет үзмэрүүдийг олны хүртээл болгосны зэрэгцээ ЦДБЭЧ, ХЦДБЧ-ын уран бүтээлчид оюутан залууст зориулан цэрэг эх орны сэдэвт уран бүтээлийн дээжсээ өргөн барьсан юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.