УНТЭ-т Элэг шилжүүлэн суулгах 300+ эмчилгээ амжилттай хийгдлээ
2025-04-08 15:32:00

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг 2011 оноос хойш элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монголдоо амжилттай нутагшуулж, 2025 оны эхний улиралд 300+ дахь мэс заслаа хийлээ. Энэ нь зөвхөн элэг шилжүүлэн суулгах баг төдийгүй эмнэлгийн бүх л хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм.
Монголдоо дэлхийн шилдэг технологийг нутагшуулсан түүхээс:
Анх 2007 онд тэр үеийн УНТЭ-ийн эмч нар болох О.Сэргэлэн, С.Эрдэнэ, П.Батчулуун нар энэхүү эмчилгээг Монголдоо нутагшуулах санаачилгыг гаргаж, гадаадын шилдэг төвүүдтэй холбогдож олон удаагийн сургалт уулзалтуудыг хийсээр 2010 онд БНСУ-ын Асан анагаах ухааны төвийн Lee.S.G профессортой уулзаж, монгол ёсоор хадаг барин шавь орж, өнөөдрийн амжилтын анхны суурийг тавьсан түүхэн агшин бий. Ийнхүү 2008 оноос одоогийн АШУҮИС-ийн сургалтын лабораторийг түшиглэн гахайн дээр туршилтын мэс заслуудыг хийж 2011 онд БНСУ-ын Асан төвтэй хамтран анхны элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн нь Монголын анагаах ухаанд хийсэн томоохон үсрэлт болсон юм. Үүнээс хойш Асан төвийн багш нартайгаа 32 мэс заслыг хамтран гүйцэтгэсний дараа 2016 оноос УНТЭ-ийн баг бие даан элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхлэн тохиолдол бүрд шинэ сорилтуудтай тулгарч тэр бүрд суралцаж чадваржсаар 300+ эмчилгээг амжилттай хийлээ.
Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ 300+ гэдэг зөвхөн тоо биш энэ бол Монголын анагаах ухааны НОЁН ОРГИЛ
Энэ хугацаанд УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг дараах олон дэвшилтэт технологи, аргачлалуудыг амжилттай нэвтрүүлжээ.
- Элэг тайрах мэс ажилбарыг бага хөнөөлт технологи (CUSA, ERBE)-иор гүйцэтгэх аргачлал
- Микроскоп ашиглан нарийн голчтой судаснуудыг залгах бичил мэс заслын арга
- Донорын суулгац элгийг нөхөн сэргээх ширээн дээрх мэс засал
- Үлэмж хэмжээний цус алдалтын үед алдсан цуснаас цусны улаан эсийг шүүж, эргүүлэн юүлэх технологи.
- Донорын болон реципиентийн үлдэх элэгний хэмжээ, суулгац элэгний эзлэхүүн, үйл ажиллагааг тодорхойлох арга
- Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах арга
- Хүүхдэд элэгний зүүн дэлбэнг шилжүүлэн суулгах мэс засал
- Насанд хүрэгчдэд элэгний зүүн дэлбэнг суулгах мэс засал
- Реципиентийн авагдсан элэгний вений судас ашиглан суулгац элгийг нөхөн сэргээх мэс засал
- Олон салаалсан болон нарийн голчтой цөсний замыг нөхөн сэргээх мэс засал
- Мэс заслын дараах судас болон цөсний замын хүндрэлийг ангиографи болон эндоскопийн аргаар эмчлэх технологи
- Цусны бүлэгнэлтийг Rotem анализатораар нарийн түвшинд хянаж, оновчтой менежмент хийх аргачлал
- Элэгний том хавдар оношлогдсон реципиентэд гүүр эмчилгээ хийж элэг шилжүүлэн суулгах технологи
- Цөсний замыг микроскоп ашиглан залгах мэс засал
- Донор элгийг дурангийн аргаар тайрч авах мэс засал
Анх элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэхдээ өөрсдийн гэсэн багажгүй, зориулалтын өрөө тасалгаагүй бүгдийг тэгээс нь эхэлж байсан бол одоо өөрсдийн мэдлэг туршлага дээрээ суурилан SCOPUS-д бүртгэлтэй олон улсын сэтгүүлд судалгааны өгүүлэл тогтмол хэвлүүлдэг, бусад орны эмч мэргэжилтнүүдийг зааж сургах хэмжээнд хүртэл хөгжжээ. Гэсэн хэдий ч тэд суралцахаа зогсоосонгүй. Олон улсын хурал, симпозиумуудад тогтмол оролцож, Асан анагаах ухааны төвийн багш нараасаа жил бүр дахин суралцахын сацуу өөрийн багийн шинэ залуу гишүүдийг дотооддоо сурган бэлтгэж байна. Мөн УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах багийн туршлагаас суралцан Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг тус эмчилгээг амжилттай нэвтрүүлж буй нь монгол улсад элэг шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлж буй чухал алхам болж байна.
Эдгээр амжилт бүрийн цаана зөвхөн мэс заслын баг гэлтгүй мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, элэг судлал, дүрс оношилгоо, лабораторийн эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн захиргаа, удирдлагууд эмзүйн алба, мөн тоног төхөөрөмжийн инженер, ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээ, гал тогоо гээд эмнэлгийн бүх хамт олны оролцоо чухал байсныг дурдахгүй өнгөрч болохгүй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.