Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан ч ААН-үүд оролцоогүй
2025-04-07 19:45:00

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж, замуудыг засаж, шинэчлэх юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна.
Мөн 2014 онд ашиглалтад оруулсан Өвөр гүнтийн 5 км замыг шинэчилнэ. Тодруулбал, тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг жил бүр хийдэг. Харин энэ жил тус замд их засвар хийнэ гэдгийг НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэллээ.
Тэрбээр “Өвөр гүнтийн замыг шинэчлэх замын жагсаалтад оруулж, их засварын ажлын тендерийг гурван удаа зарласан. Гэвч оролцогч байхгүйн улмаас одоог хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна. Энэ зам нь хаврын шар усны үер, уруйн үер болон иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй орц, гарц гарган үерийн шуудууг таглах зэрэг үйлдлээс болж байнга эвдэрдэг. Энэ жил мөн шинэчлэхээр дөрөв дэх удаагийн тендерийг зарлаад байна” гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.