Зургаан гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгджээ
2025-04-07 11:44:00

Цагдаагийн байгууллагаас Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сантай хамтран “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагатай үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, согтуугаар үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд “Хуулиа мөрдье” нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна.
“Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа боловч иргэд болон согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хуулиар хүлээсэн эрх, үүргээ ойлгож хэрэгжүүлэх нь харилцан адилгүй байна.
Дээрх хуульд согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч нь үйлчилгээ үзүүлэхийн өмнө “үйлчлүүлэгчийг хуульд заасан 21 насанд хүрсэн эсэхийг баримт бичиг болон техник технологи ашиглан заавал шалгах”, “үйлчлүүлэгчийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэх үйлдэл гаргасан тохиолдолд түүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхээс татгалзах эрхтэй” мөн “худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх зориулалтын танхимтай байх, ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх”, “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч”, “бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээд хариуцах”, “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байх” зэрэг олон шинэлэг зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг.
Иймд дээрх арга хэмжээний хүрээнд согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг иргэн, аж ахуй нэгжүүдэд холбогдох хууль, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт зохион байгуулах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний соёлын талаар мэдээлэл, зөвлөмж өгч, олон нийтэд энэ талаарх хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөхийг зорьж байна.
2024 онд цагдаагийн байгууллагад нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 15.3 хувь буюу 6 гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдсэн бол энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 27.5, эрүүлжүүлэгдсэн, саатуулагдсан иргэдийн тоо урьд оны мөн үеэс 86.1 хувиар тус тус өссөн бол албадан эмчилгээ 9.26, сайн дурын эмчилгээ 34 хувиар тус тус буурчээ.
Согтуугаар үйлдэгдсэн зөрчил урьд оны мөн үеэс 21.2 хувиар буурсан боловч хариуцлага хүлээсэн аж ахуйн нэгж 42.9, иргэн 58.1 хувиар тус тус өсжээ.
Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28.155 зөрчил бүртгэгдсэнээс жолоодох эрхээ хасуулсан этгээд 2150, огт эрхгүй 3030 иргэн байжээ. Мөн согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол урьд оны мөн үеэс 40.7, хэрэг 97.9 хувиар тус тус өсөж 77 хүний амь нас хохирсон харамсалтай мэдээ байна.
Эдгээр статистикаас харахад согтууруулах ундаагаар үйлчилж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагатай үйлчилгээг иргэдэд үзүүлэх бол нөгөө талаасаа иргэд хууль тогтоомжоор тогтоосон үйлчилгээ, чанар, стандартыг шаардах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсэж байгааг харж болно.
Иргэд, аж ахуй нэгжүүдийг хууль, дүрмийг чанд мөрдөж, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний соёлыг төлөвшүүлэхэд идэвхтэй оролцохыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.