Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагджээ
2025-03-11 12:51:00

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хүүхдээс улаанбурхан өвчин илэрчээ. Уг тохиолдол нь 2025 оны гуравдугаар сарын 1-4 нд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байж. Ингээд сүүлийн хоёр долоо хоногт тус халдварт өвчний таван тохиолдол ийн бүртгэгдлээ.
Тиймээс халдварлах, хүндрэх эрсдэл өндөр улаанбурхан өвчний товлолт вакцинд хамрагдах нас нь болсон ч вакцинаа хийлгээгүй байгаа хүүхдүүдээ яаралтай дархлаажуулалтад хамруулахыг эмч нар зөвлөж байна. Улаанбурхан өвчин амьсгалын замаар дамждаг, халдварлалт маш өндөр. Гэхдээ улаанбурхан вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв товлолын дагуу хамрагдаагүй өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулах шаардлагатайг ХӨСҮТ анхааруулав.
Мөн улаанбурхан өвчтэй хүний хавьтал болсон бол улаанбурхан өвчнөөр өвдөөгүй, өвдсөн эсэхээ мэдэхгүй, улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар вакцинд хамрагдаж болох аж. Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1, 2 дугаар өрөөнд очиж үзлэгт хамрагдахыг зөвлөж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.