ЦЕГ: Сар шинийн өдрүүдэд гэр, орон сууцаа эзэнгүй үлдээхдээ хаалга, цоожны бүрэн бүтэн байдлыг шалгаарай
2025-02-25 11:28:00

Монголын уламжлалт “Сар шинийн баяр” болох гэж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 7 хоногт явган эргүүлийн 1301 чиглэлд 2700, авто эргүүлийн 1092 чиглэлд 2182 алба хаагч хяналт шалгалтаар ажиллаж 19 гэмт хэрэг, 4097 зөрчлийг илрүүлэн ажиллажээ.
Өнгөрсөн жилүүдэд “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд гэр, орон сууц /гэр хороолол/ зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг гарч цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэж байсан. Гэмт этгээдүүд амар хялбар аргаар зарж болох мөнгөн эдлэл, аяга, үстэй дээл, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг хялбар борлуулагдахуйц эд зүйлсийг хулгайд алдсан талаар дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Иргэд “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд хөдөө явж, гэр, орон сууцаа эзэнгүй олон хоног үлдээдэг. Ийм тохиолдолд та хаалга, цоожны бүрэн бүтэн байдлыг шалгаж, ойр дотны хэн нэгэнд сайтар захиж, монгол гэр, сууцны үүдний амбаар зэргийг ил цоожоор цоожлохгүй байх зэрэг зүйлийг анхаарснаар хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадах юм.
Зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаа, автобусны буудал, олон нийтийн газраар явах, үйлчлүүлэхдээ гар утас, хэтэвч зэрэг эд зүйлээ алдах эрсдэл их учраас болгоомжтой байх, архи согтууруулах ундааны зүйл худалдан авахдаа цахим худалдаа хийхгүй байх, чанар стандартын акцтай эсэхийг шалгаж үзэж, худалдан авахыг анхааруулж байна.
Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байж, тээврийн хэрэгсэл жолоодож буй хүмүүст согтууруулах ундаа өгөхөөс татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.