Хүүхэд Харах Төвд 40 сая төгрөгийн өртөг бүхий сургалтын багц хэрэглэгдэхүүнийг олгоно
2025-02-20 14:35:00

Хүүхдийн Төлөө OneSky байгууллага “Хүүхэд харах төвүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 11 Хүүхэд Харах Төвд бага насны хүүхдийн сурах орчныг дэмжих дөчин сая төгрөгийн өртөг бүхий сургалтын багц хэрэглэгдэхүүнийг энэ бямба гарагт гардуулан өгөх гэж байна.
Хүүхэд харах төвүүдэд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор олгож буй энэхүү багцад бие бялдар, танин мэдэхүй, хэл яриа болон нийгэмшихүй-сэтгэл хөдлөлийн хөгжлийг дэмжих 29 төрлийн тоглоом, 13 төрлийн ном, 9 төрлийн бичиг хэргийн хэрэглэгдэхүүн, эко модон тавиурууд зэрэг төв тус бүрт 3.5 сая төгрөгний стандартын шаардлагад нийцсэн, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, бага насны хүүхдэд ээлтэй эко модон тавиур, сургалтын хэрэглэгдэхүүн олгож буй юм.
Энэ удаад Баянзүрх, Налайх болон Сонгинохайрхан дүүргийн нийт 11 Хүүхэд харах төв хамрагдаж байгаа бөгөөд дунджаар 2-5 насны 15 буюу нийт 230 орчим хүүхдийн хөгжилд, тэдний гэр бүлд бодит хөрөнгө оруулалт оруулж, хүүхдийн хөгжлийн 4 чиглэлд эерэг нөлөө үзүүлэх юм.
Энэхүү багц гардуулан арга хэмжээнд БЗД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Ц.Үүрцайх, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны Шүрэн-Эрдэнэ болон OneSky байгууллагын Орон хариуцсан захирал Т.Мөнхтуул, хөтөлбөр хариуцсан захирал Ц.Гэрэлтуяа нар оролцоно.
OneSky ОУБ нь бага насны хүүхдийн чадавхийг нээн хөгжүүлэх, эрт үеийн боловсрол олгох чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдыг сургаж чадавхжуулдаг. 2024 оноос Хүүхэд харах төвүүд (ХХТ)-тэй хамтран Монгол Улс дахь “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжих, харилцаа холбоог бэхжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэхдээ бид МУ-ын хүүхэд харах үйлчилгээний эко системийн өвөрмөц нөхцөл байдалд тохируулан Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн OneSky байгууллагын сургалтын загварыг нутагшуулах юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөр боловсруулсан бөгөөд нийтдээ 20 хичээлийн хүрээнд Бага насны хүүхэдтэй ажиллах арга зүйтэй болох юм.
Тус сургалтын хөтөлбөр эхний ээлжинд Улаанбаатар хотод хэрэгжинэ. Хөтөлбөрт 2024 оны 6-р сараас 11 ХХТ, 2025 оны эхний хагас жилд 14ХХТ-үүд, сүүлийн хагас жилд 35 ХХТ-үүд хамрагдана. Сургалтын хөтөлбөр нь ХХТ-ийн үүсгэн байгуулагчдад зориулсан 4 өдрийн эрчимжүүлсэн сургалт болон хагас сайн өдрийн хагас өдрийн ХХТ-ийн хүүхэд харагч нарт зориулсан 20 хичээл бүхий сургалтыг зохион байгуулна. Мөн Onesky байгууллагын сургалтын онцлог нь суралцагсдад танхимын, онлайн болон 15 цагийн менторонг хийх зэргээр ажлын байранд нь дэмжиж, дадлагажих боломжоор хангадаг онцлогтой.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.