Угаасаа ийм юм уу, угаартсаар байгаад ийм болчхов уу САЙД АА

2025-02-12 15:19:00

Улс төрд хэзээ ч юм дэлгэрсэн нэг моод бий. Би угаасаа л тэгдэг, угаасаа л ийм байдаг гэж пээдийх. Өнөөдөр Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Намайг хүүхэд байхад ч нүүрс түлж угаартдаг байсан. Би ч багадаа угаартаж байсан. Нүүрс угаасаа угаартуулдаг” гэж пээдийв.

Тэгвэл эрхэм сайдад нэгдүгээрт өнөөдөр хэдэн он гэдгийг сануулъя. Өнөөдөр хорин нэгдүгээр зуун, дэлхийн хөгжилд хөл нийлүүлж алхсан шинэ үеийн монгол улсад 2025 он болж байна. Өдгөө дайны хөлд үрэгдэнэ гэх айдасгүй энх цаг ч 10 хоногт 10 хүн угаартаж үхдэг, үхэж байгаа нь энгийн мэт болчихсон цөвүүн цаг болчихжээ. Харин таны угаартдаг үед хэдэн хүн угаартдаг байсан бэ? 

Хоёрдугаарт та “Угаартаад байна. Угааргүй болгоё. Ингэхийн тулд орон сууцжуулах ёстой. Угаар гаргадаггүй түлшний үйлдвэр байгуулна" гэж томорчээ.

Та хэдэн жил улс төрд түмнийг төлөөлж, яам тамгын сэнтийд заларч байгаа билээ...

2004 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос тань хойш 21 жилийн хугацаа өнгөрч байна. Улс төрөөс хэзээ ч яваагүй энэ урт хугацаанд хийгээгүй ажлаа нүд ирмэхийн зуур бүтээчих мэтээр бурж, үхэж үрэгдсэн хүмүүсийн хагацал зовлон уй гашууг тавлаад байна уу даа. 

Өвөл болохоор хүйтэн болдог. Хүйтэн болохоор галаа түлдэг. Галаа түлэхээрээ Улаанбаатарчууд угаартдаг. Угаасаа угаартах ёстой. Яахав би нэг гайгүй түлшний үйлдвэр барьж өгч зовлонгоос чинь салгаж өгье гэж ичихгүй хэлж байгаа танд эхлээд бид ичих нүүр нааж өгье. Хүн ёсоор, Тэргүүн шадар сайдын хувиар ард түмнээсээ уучлал эрэх нь битгий хэл хээв нэг тохуурхах нь ёс суртахуунаас гажууд үйлдэл. Түмнээ төлөөл гэж улстөрд залснаас амныхаа зоргоор ард түмнээ даапаал гэж "тэр" сэнтийд суулгаагүй юм шүү сайд аа


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.