Цагдааг хэн яаж цагдах вэ?

2024-04-04 12:39:00

Хүчингийн хэрэг бол ам дамжуулан сониучран ярих сэдэв биш. Сонирхож ам дамжин ярьж байснаа эргээд харахад мартах сэдэв бүр ч биш. Харин заавал ял шийтгэл оногдуулж энэ төрлийн гэмт хэргийн хуулийн хариуцлагыг нэмэх шаардлагатай харагддаг.

Өчигдөр цацагдсан цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг хүчиндсэн байж болзошгүй асуудалд цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн ч "Хувь хүний халдашгүй байдал, хохирогч болон холбогдогч нарын хувийн нууцтай холбоотой асуудлыг бид олон нийтэд мэдээлэх боломжгүй гээд дорвитой тайлбар өгсөнгүй.

Харин олон нийтийн дунд байгаа цагдаагийн алба хаагчаа өмгөөлөөд өнгөрөхвий гэх хардалтад “Хэрэв алба хаагчид гэм буруутай гэж тогтоогдвол өмгөөлж хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагад байхгүй, тийм боломж ч байхгүй" гэх тайлбарыг өглөө.

Гэхдээ цагдаа гэмт хэрэгт холбогдвол дотоод хяналт, шалгалтаараа шалгаж, тогтоодог гэх боловч үнэн хэрэгтээ цагдаа холбогдсон гэмт хэргүүд шийдвэрлэл бүрхэг, гэмт хэргийн гаралт нэмэгдсээр л байна.

Жишээлбэл

1. Согтуугаар автомашин жолоодож явахдаа хурд хэтрүүлж, урсгал сөрснөөр 12 настай охиныг дайрч, амийг нь хороов. Хэрэгтэн нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн дэслэгч Ц.Ууганжаргал байв.

2.  2020 онд Сонгинохайрхан дүүрэгт цагдаагийн алба хаагч согтуурсан үедээ насан хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн ноцтой хэрэг гарч байв.

3. 2019 онд цагдаа нар бүлэглэн хүний аминд хүрсэн байж болзошгүй мэдээлэл гарч байв. Тухайн үед хамт явсан 15 настай хүүгийн гэрчилснээр цагдаа нар түүнийг зодсон нь нотлогдсон.

4. Иргэн Б.Отгонбат Сэлэнгэ аймгийн цагдаа нарт  зодуулж эрүүл мэндээрээ хохирсон талаараа хэвлэлд хандаж байв. Түүнийг цагдаа нар хилс хэрэгт гүтгэж, улмаар 8-9 цагийн туршид зодсон байдаг. Үүний улмаас Б.Отгонбат хоёр ч удаа хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа 35 хувиар алдсан.

5. Баянзүрх дүүрэгт цагдаагийн тусгайгийн алба хаагчид цэргийн албан хаагчийг зодож, амийг нь хөнөөсөн гэх ноцтой мэдээлэл гарсан. Цагдаагийн ерөнхий газраас эл хэргийн талаар мэдээлэхдээ “Хэрэгт холбогдсон таван этгээдийн дунд цагдаагийн алба хаагч байх магадлалтай” гэж хэргийг нууцалсан.

6. Дөнгөж 4 настай төрсөн охиноо зодож амийг нь бүрэлгэсэн аймшигт хэргийг цагдаагийн албан хаагч үйлджээ гэж мэдээ нийгмийг цочроосон. Тэгвэл тус мэдээлэл үнэн болох нь нотлогдож, охин эцэг, цагдаагийн ахлагч Т.Цогтод шүүхээс 24 жилийн ял оноосон.

7. Налайх дүүрэгт Н.Оюунчимэг гэх бүсгүй гэртээ боомилж амиа алдсан байдалтай олдсон. Талийгаачийн ар гэрийнхэн эл хэрэгт түүний нөхөр Буяннэмэхийг сэжиглэсэн. Буяннэмэхийн хувьд цагдаагийн ахмад цолтой, хэрцгий догшин зантай нэгэн бөгөөд эхнэр хүүхдээ байнга зоддог, эхнэрийнхээ амийг хөнөөх оролдлогыг хэд хэдэн удаа хийж байсан талаар гэрчүүд хэлж байжээ.

8. Цагдаагийн алба хаагч гудамжинд эмэгтэй хүнд хүч хэрэглэж, хэрцгий балмад авирлаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ этгээд нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлагч Э.Баасандорж байсан нь тодорхой болж, ажлаасаа халагдсан байдаг.

9. ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргал хийн буу ашиглаж худалдагчдыг айлган сүрдүүлж дэлгүүр дээрэмдсэн хэргээр ял сонссон.

10. Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид Горхи мэлхий хадны амралтад очоод, архидсан байна.  Улмаар ахлагч Н.Өлзийбуян, хошууч Хашболор хоёр хоорондоо зодолдон нэгнийхээ амь насыг хохироож байв.

Гэх мэт мөрдөстэй гэмт хэрэгтнүүд зөндөө. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Тиймдээ ч хохирсон, ядарсан үедээ бид цагдаад ханддаг. Харамсалтай нь, хохирогчийг хамгаалах цагдаа гэмт хэрэгтэнд үйлчилж, өөрөө гэмт хэрэг үйлдэж байх.

Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой бөгөөд ялангуяа хууль сахиулагчдад үйлчлэхгүй, эсвэл хамгаалаад, аргалаад өнгөрдөг байж болохгүй.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.