Улаанбаатарын нулимс

2024-04-01 18:11:00

Өвөлдөө утаа гулгаа зовооно. Дулаан орохоор үер ус өмхий үнэр зовооно. Өглөө орой бүр түгжирч стресстэнэ. Улаанбаатарт алалцаж амьдарна гэдэг багагүй сорил.

Аадар борооны улирал эхлээгүй байхад л Улаанбаатар усанд автаж гишгэх газар үгүй болов. Ийм байгаагийн буруутан нь хэн бэ хайвал буруутан олдохгүй. Гэхдээ бурууг тохох хүн хайя гэвэл үе үеийн хотын дарга нар яах аргагүй мөн. Төлөвлөлт байхгүй цементэн ширэнгэ болтол нь барилга  барьсан. Байгалийн ус цас шингэх газар хөрс байхгүй болтол цементэлсэн. Замаа тавихдаа ч ус зайлуулах хоолойгоо шийдээгүйн улмаас том том нүх гарчихсан. Гарсан том нүх бүрт нь хүний амь үрэгдээстэй.

Гэтэл өнөөдөр хотын дарга “Хот гэдэг бол хамтын амьдрал. Хамтдаа амьдарч буй хот маань нэлэнхийдээ шавар шавхай. Энэ зам дээр чинь аятайхан гуталтай хүн алхахын эцэсгүй болчихсон. Бүх юмныхаа эцсийн туйл дээр оччихоод байна. Тиймээс ядаж бидэнд байгаа боломжоо хүрз жоотуу, шүүр бариад хотоо тухай бүрт нь цэвэр цэмцгэр болгодог баймаар байна. Бүх хүн ажлаасаа, гэрээсээ гараад бүгд угаая. Ирэх долоо хоногийн болон түүний дараагийн хагас, бүтэн сайныг нийтийн цэвэрлэгээний өдөр болгоё" гэв.

Бүгд дор бүрнээ цэвэрлэгээ хийж болно оо. Гэхдээ өнөөдөр 2024 он. Дэлхийн хотын хөгжил хаана явна.  Дэлхийн хотууд ямар машин техникээр хотоо угааж байна. Тэгэхэд өнөөдөр бүхэл бүтэн нийслэл хотыг удирдаж байгаа хүн хүрз жоотуу бариад гаръя гээд суух арай л ичмээр юм. 

Жил бүр хавар болдог. Жил бүр үер, шавхай болдог. Үүнийгээ дагаад халдварт өвчин нэмэгддэг.Энэ эрсдлийг бодоод намартаа ахиухан төсөв олж аваад үүнийгээ үр дүнтэй зарцуулчих л даа.

Хаялга усыг шийдээгүй 1,000 километр зам барьчихсан. Өндөр уулнаас бууж ирдэг хур бороо, цасны усыг зайлуулдаг нэг ч систем байхгүй. Байгалийнх нь уналтаар энэ хэдэн голын сав руу очвол очно, очихгүй бол дунд нь тогтчихдог. Ийм системийг хот удирдаж байгаа та нар өөрсдөө бий болгосон шүү дээ.  Хотын дарга нь хэд солигдсон ч нэмэргүй. Энэ бухимдлын тойргоос гарах л гарц байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.