Цагаан сарын тухай саарал бодлууд

2024-02-07 16:16:00

Дэлхийн аль ч хот улс үндэсний баяртаа зориулж хотоо өнгөлөн тордорж, үндэсний хэв маяг баярын онцлогоо харуулсан чимэглэл хийдэг. Гэтэл манай цагаан сар хоёр хоногийн дараа болох гэж байхад Сүхбаатрын талбай бахь байдгаараа хотын гудамж түгжрэлэээс өөр зүйлгүй. Үндэсний хэв маягийг харуулсан баярын уур амьсгал оруулах ширхэг ч зүйл алга.

Угтаа хахир өвлийг өнтэй давж хаврын урин дулаантай золгож бүх зүйл шинээр эхлэн цэцэглэх гэдэг утгаа цагаан сар бол бидний хувь жинхэнэ ШИНЭ ЖИЛ. Түүнээс гадна аав ээж, ах дүүсээ хүндэтгэх, төрөл саднаа таньж мэдэх ураг төрлийг нэгтгэдэг хамгийн  том төрт ёсны уламжлал. Гэтэл одоо цагаан сарын баяраа төвөгшөөж гадагшаа явах, бусад баярыг чухалчилж үзэх нь элбэг болж.

Тухайлбал, 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй айлуудын 25 хувь, 30-39 насны өрхийн тэргүүнтэй айлуудын 45 хувь, 40-49 настай бол 65 хувь, 50-59 насныхны 85 хувь, 60-аас дээш насныхны 95 хувь нь Цагаан сарын баярт ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэдэг.

Ингэхдээ цагаан сарыг амьжиргааны түвшнээ харуулдаг баяр гэж ойлгож бэлдэх зэхэх нь ихэсчээ.  Цагаан сараар ах дүүстээ төрүүлсэн сэтгэгдэл нь жилийн турш хадгалагдаж явсаар хойтонгийн цагаан сарыг хүргэнэ. Гэтэл яг үнэндээ энэ баяр  үндэсний ёс уламжлал, бэлгэдэл, монгол хүний үнэт өв соёлыг л харуулдаг шүү дээ.

Мөн нэг л уламжлал нэг л үйлээр хийдэг баяраа хот хөдөөгөөр ялгаад удаж байна. Хотынхон бол минимал гэдэг гоё үгээрээ далайлгаж бусдын ширээ, бэлэг сэлт рүү орж үсчинэ. Цахим орчинд энэ баярыг цомхон тэмдэглэе гэж амтай бүхэн цуурч, цахим хаягтай болгон л сэвнэ. Эдийн засгийн ухаан гаргаж байна гээд хэвийн боовоо модоор хийгээд олон жил хэрэглэе гэдэг ч хошигнол явав. Харин хөдөөнийхөн нь бор дарс, тарган ууц, том том тавгийн идээгээрээ уралдаж өөрөөс нь арай дөнгүүр байгаа нэгнээ гоочилно.

Бид үндэсний баяртаа ингэж л ханддаг болчихжээ. Үнэндээ  сар шинийн баяр бол монгол түмний үндэсний дархлаа, оюуны ой санамж юм. Хэрэв бид энэ баяраас дөлж, халгасаар байвал үүх түүхээ огоорч, соёл уламжлалаа баллуурдлаа гэсэн үг. Ингэснээр үндэсний дархлаа суларч, улс орон, ард иргэд үнэт зүйл чиг баримжаагүй болох эрсдэлтэй гэдгийг үе үеийн эрдэмтэд, судлаачид анхааруулсаар ирсэн. 

Тиймээс та бүхэн үндэсний баяраа төвөгшөөлгүй, өөртөө хүндрэл учруулалгүй ёс төрийн дагуу сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.