Хотоо үнсэн товрог болохоос өмнө ШТС-уудаа цэгцлэе!
2024-01-24 15:30:00
Өнгөрсөн жил Дархан-Уул аймагт шатахуун агуулах нөөцийн сав дэлбэрсний улмаас гал гарч гурван хүний амь эрсдэж байв. Харин энэ жил буюу 2024 оны нэгдүгээр сарын 24ны шөнө Улаанбаатар хотын төв газ тээвэрлэж явсан машин дэлбэрч дахин гурван халуун амь тасарсан хар шөнө болов.
Жилийн өмнө л ийм хэрэг гарч сануулга болж байхад өнөөдөр Улаанбаатар хотын шатахуун түгээх газар иргэдийн амьдран суух орон сууц, хүүхэд багачуудын сургууль цэцэрлэг хаяа хаяагаа дэрлээд хамтдаа байж байна. Энэ бол дутагдлын хажуугаар чимээгүй өнгөрсөөр ирж өчигдөр ийм гамшигт үйл явдал тохиолдоход маш олон иргэд эрсдэлд орлоо. Одоо оройтоогүй дээрээ хотоо зөв төлөвлөе. Байх ёсгүй юмсыг нүүлгэн шилжүүлье, байх ёстой нь байранд нь байлгая. Үүний тулд дараах дүрэм журмыг анхаараад мөрдүүлээд өгөөч эрх баригчдаа, холбогдох мэргэжлийн байгууллагууд аа!
ШТС-ЫГ ОЛОН НИЙТИЙН БАРИЛГААС 25-80М ЗАЙД БАРИХ ЁСТОЙ
• Тухайн орон нутгийн салхины зонхилох чиглэлийг үндэслэн орон сууц, үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулах
• ШТС-д ослын улмаас шатахуун асгарсан тохиолдолд ШТС-ын эзэмшлийн газраас гадагш тархахгүй байхаар төлөвлөх
• Хувийн гарааш ба автомашины ил зогсоолоос 18-30 метрийн зайд
• Орон сууц, олон нийтийн газар барилгаас 25-80 метрийн зайд
• Ерөнхий сүлжээний төмөр замаас 25-30 метрийн зайд
• Худалдааны ТҮЦ, мухлагуудаас 20-25 метрийн зайд
• Хатуу түлшээр галладаг байрнаас 50-150 метрийн зайд барих ёстой
Адаглаад шатахуунд агуулагдах хар тугалгын хэмжээ иргэдийн эрүүл мэндэд үргэлж заналхийлж байдгийг бодсон ч тав тухтай амарч сурч хөгжиж байх гэр, сургууль, цэцэрлэгээс хол байх дүрэм журмыг баримталдаг байя.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.