Өлсгөлөн тоглоом Монголд II
2024-01-22 11:01:00
Хөөрхий чи минь автобусаа олохгүй төөрч, будилж явна уу даа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн тээврийн чиглэлийн шинэ маршрутыг туршиж үзлээ. Угаасаа нийслэлчүүд туршилтын туулай юм хойно туршилтад орох нь гарцаагүй. Автобусны буудлаар дүүрэн хаашаа явахаа үл мэдэх, төөрч будилсан иргэд уцаарлаж зогсоно. Шийдвэр гаргагчдын санаа нь богино эргэлт бий болгож, хүлээлгийн хугацааг 1-2 минут болгох байжээ. Гэвч эсэргээрээ иргэд доод тал нь 40 минут автобус хүлээж, ирсэн автобусандаа багтахгүй хоцорч, зарим нь тэсэлгүй алхаж, такси барьж жинхэнэ “Нохойн баас” гэгч нь болов. 1-2 удаа дамжин суугаад 1000 төгрөгөөр ажлаа амжуулчихдаг улс 3-5 дамжиж, золтой л халаасаа хоослох дөхлөө.
Олон жил дасал болсон чиглэлийг нэр устай нь нэг л өглөө өөрчилж, хотын иргэдийг хотод нь төөрүүлэх санаа хэнээс гарах вэ? Мэдээж нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй шийдвэр гаргагч нөхөд. Хувийн ч бай, байгууллагын ч бай унаагаар хөл дүүжилчихдэг хүмүүст л дөрвөн есийн үеэр туршилт хийх санаа орж ирнэ шүү дээ. Хэдийгээр өнөөдрөөс хуучин чиглэлүүдийг сэргээсэн ч цаг үеэ олоогүй тунчиг буруу шийдвэрийг иргэд мартахгүй биз ээ.
Төв талбай төв автобусны буудал болох уу?
“Гайхамшиг үргэлжилсээр” гэх үг манай улсад яг зохицох бололтой. Нийтийн тээврийн шинэ маршруттай холбоотойгоор төв талбайн урд талын автомашины зогсоолыг чөлөөлж, автобусны буудал болгожээ. Яаж сэтгэхээрээ улсынхаа төв талбайд автобусны буудал бий болгох санаа төрдөг байна... Өмнө нь автобусны буудал тэнд байсан ч арай өөр байршилд байсан санагдана. Гэлээ ч одоо тэнд автобусны буудал байхад тун тохиромжгүй. Хойноо буфет хоолтой, урдаа усан оргилууртай. Цаг агаар дулаармагц төв талбайд ирж цагийг өнгөрөөх хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэснэ. Тэр үед нь автобуснууд утаагаа хаяад зогсоод байж боломгүй байлтай. Хотын өнгө үзэмжээ бодоод ч болтугай энэ шийдвэрээ эргэж харахыг иргэд хүсэж байна.
Зогсоолгүй байж зогсоол хаахын учир
Нэг л өглөө төв талбайд учир битүүлэг чулуунууд гарч ирсэн шиг энэ удаад мөн адил бор бор хайрцагууд гараад ирлээ. Төв зам дагуу байрлалтай төлбөргүй зогсоолуудыг тэр хайрцагаар хаажээ. Уг нь иргэд худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ тэнд машинаа тавиад орох зориулалттай биш гэж үү?
Угаасаа нийслэл зогсоолгүй, машинаа түр байрлуулах ч газар үгүй атал байгаа хэдэн зогсоолоо хаачихдаг яасан хэцүү хорвоо вэ.
Нийслэлчүүд урьд насандаа Хотын даргад ямар муу үйл хийсэн болоод өвлийн хүйтэнд иргэдийн бүсийг чангална вэ? Яг л өшөөгөө авч буй мэт авирлаж, ар араасаа гарах дарангуйлал цухуйх эл шийдвэрүүд иргэдийн амьдралд үнэнхүү чирэгдэл учруулж байна. Тиймдээ ч иргэд Хотын даргаа өөрсдөө сонгодог болмоор байна гэнэ шүү.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.