Давсаа цацаарай, Дарга нар аа
2024-01-09 14:03:00
Жил бүр өвөл болдог ч жил бүр л бэлтгэл муутай байх нь хэний хариуцлагын асуудал вэ. Шинэхэн хотын дарга ажлаа аваад удаагүй байгаа ч анх удаа л өвлийн улирал үзэж буй мэт аяглаж, самгардав. Арга ядахдаа хот нийтийн аж ахуйн ажлыг дүүргүүдэд шилжүүлсэн. УБЗАА зөвхөн бодлогын асуудалд төвлөрч, хяналт тавьж ажиллах юм гэнэ.
Мөн нийслэлийн зүгээс нийтийн аж ахуйн ажилтнуудад зам, талбай цэвэрлэх ажлыг нь зааж өгч байгаа сурагтай.
Яг одоо гадаах нөхцөл байдалд нийтийн аж ахуйн ажилтнууд ажлаа хийхгүй байгаагийн бус зөв бодлого дутагдаж буйг тодхон харуулж байна. Зам гулгаатай байгаагаас шалтгаалан автомашинууд хоорондоо мөргөлдөж, осол гарахаас гадна явган зорчигчид ч хальтирч унан гэмтэж байна. Ажил төрөл багатай амралтын өдрүүдэд хүртэл халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 267 иргэн ГССҮТ-д хандсан. Бэртсэн нь энэ болохоос хальтирч уначхаад шал тоохгүй босоод явж байгаа нь хэд билээ.
Одоогийн байдлаар 3644.8 тонн бодис,4390 тонн давс цацсан байна. Гэвч энэ давс бодисоо зөвхөн дарга нарын зорчдог хэсгээр л цацаж, жинхэнэ иргэдийн амьдрал буцалж буй газрыг орхигдуулж байна гэх иргэдийн шүүмжлэл ч тасрахгүй байгаа. Давс цацсан, цацаж байгаа гэх ч давс нь багадсан хоол шиг л хальтиргаа гулгаатай хэвээрээ л байна. Арга ч үгүй биз, 2024 онд гараараа давс цацдаг нийтийн аж ахуйтай хот шүү дээ.
Ямартай ч энэ өвлийг арай гэж давчихвал урин хавар ирнэ. Гэхдээ дахиад өвөл болно гэдгийг битгий мартаарай, дарга нар аа
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.