Мэдлэггүй байх нь илүү гамшиг
2024-01-25 15:00:00
Ингэхэд бид шинэ жил, цагаан сар гэх мэт баяр болоход бараг сарын өмнөөс гоёж гоодож бэлдэж эхэлдэг. Гэтэл яг одоо танай гарт гал гарвал, газар хөдлөлтийн гамшиг гарвал та бэлэн үү?
Өнгөрөгч даваа гарагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд гарсан галын гамшгаас олон хүний амь эрстэхэд хамгийн гол шалтгаан иргэдийн гамшгийн тухай мэдлэг мэдээлэл, барилга орон сууцын аюулгүй ажиллагааны дүрэм журам мөрдөөгүйгээс болсон нь хатуу үнэн.
Наад зах нь аваарын дохио. Байр бүрд нэр төдий нэг бөөрөнхий юм байдаг ч тэр нь ихэнх нь ажиллахгүй. Зарим нь ямар зориулалттай эд болохыг нь ч мэдэхгүй амьдарч байгаа. Уг нь бол аваарын дохио дуугарсан тохиолдол иргэд яаралтай гарч өөрийнхөө амь насыг хамгаалах үүрэгтэй. Бүүр зарим газарт усан аваарын дохио гэж байдаг бөгөөд дохио дуугарангуут усан бойлуур нээгдэж тодорхой хэмжээний гал унтраах ёстой байдаг. Харамсалтай манайд ийм систем байтугай ядаад орцонд нэг галын хор байхгүй. Гал бол секунд милээр хэмжигдэнэ. Нэг тоолоход л куб метрээр шатчихдаг. Тийм байхад бидний өнөөдрийн хэрэглээ ямар дандаа амархан шатах материалтай учир гал хурдан тархах нөхцөлийг бүрдүүлнэ. Хүүхдүүдэд гамшгийн сургалт огт ордоггүй. Хүүхдүүд цахимаар хичээллэж байгаа энэ үед хүүхдүүд харгалзах хүнгүйгээр гэртээ үлдэж байгаа. Гэтэл таны хүүхэд гал гарах үед анхан шатанд ямар арга хэмжээ авах ёстойг мэдэж байгаа юу? Галын дохиолол гэж юу болохыг мэдэж байгаа юу?
Хүүхдүүдэд цэцэрлэг сургуулиас нь эхлээд гамшгийн эрсдэлийн хичээл заамаар байна. Аливаа гамшгийн үед эмнэлэг, онцгой байдал, цагдаа бүгд нэг болоод явдаг системтэй болмоор байна. Иргэд бүгд гамшгийн тухай мэдлэгтэй болох ядаж гэртээ гал унтраах хэрэгсэл, олс, хоол хүнс, цүнх саваа бэлтгэмээр байна. Үргэлж бэлэн байцгаая. Мэдлэг мэдээлэлгүй байх нь илүү гамшиг шүү.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.