Өлсгөлөн тоглоом Монголд...
2023-12-18 12:20:00
Шинэ долоо хоног иргэдийн хувьд “Өлсгөлөн тоглоом” адил эхэллээ. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Хотын дарга Х.Нямбаатар ЕБС-ийг цахимаар хичээллүүлэх, автомашиныг замын хөдөлгөөнд тэгш сондгойгоор оролцуулах шийдвэр гаргасан.
Өнөөдрөөс энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр иргэдийн дунд “Хэрхэн тэсэж үлдэх вэ” гэх тоглоом албан ёсоор эхэлж байна. Өглөөний 07:00 цагт автобус хүлээсэн иргэд буудал дээр осгох шахам зогсож харагдана. Арай гэж автобус ирэх боловч хаалга нь онгойх төдийд дотроос нь хүн унаад ирэх вий гэлтэй чихсэн байв. Гэхдээ л иргэд давшлаад багтахгүй л бол ажил, хичээлээсээ хоцорно шүү дээ. Хүүхдүүдээ дагуулсан эцэг, эхчүүд такси барихаар гараа өргөх боловч зогсох машин олдсонгүй.
Мэдээж нэгэнт нөхцөл байдалтай эвлэрсэн иргэд пингвин алхалтаар зам дагаж алхана. Харамсалтай нь тав алхаад л дагзаараа савж байх жишээтэй.
Зарим иргэдийн яриаг сонсвоос бага ангийн хүүхдээ гэртээ үлдээгээд, дунд ангийн болон цэцэрлэгийн хүүхдээ хүргэж өгөх ажилтай болсноо уцаарлангуй ярьж байна.
Ээ базарваань... Улаанбаатарт юу л болоод байна даа. Түгжрэлийг сааруулахаар тэгш, сондгой хязгаарлалт хийсэн ч автобус хүрэлцээгүй. Таксидаад явъя гэсэн ч тэд нар нь дугаарын хязгаарлалтад орчихсон, магад зарим нь бензингүй. Алхъя гэвээс каскгүй л бол гэмтэл орох шинжтэй.
Монголд анх удаа өвөл болж байгаа эсвэл манай эрхэм Хотын мээр болон түүний зөвлөхүүд анх удаа Монголдоо өвөлжих гэж байгаа юу гэлтэй шийдвэрүүд гаргаж, иргэдийн амьдралд “Лай” л боллоо.
Хоорондоо логик биш юмаа гэхэд ямар ч утга уянгын авцалдаагүй эл шийдвэрүүдээ эргэж харахыг иргэд шаардаж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.