Ар дааж үлдэж чаддаг ч бяцхан зүрх үргэлж айдастай байдаг шүү томчууд аа!

2023-11-16 11:35:00

Гадаа -13 хэмийн хүйтэн. Чингэлтэй,Сонгино хайрхан уулын бэлээрх айлуудын амьдрал дүнсгэр саарал. Сонгинохайрхан дүүргийн нэгэн өгсүүр гудамд 25 литрийн 2 шар саваа тэргэн дээрээ түрээд хүч алдан буцаж гулсах дэрсхэн хоёр хүү. Хэрэндээ зугаатай харагдаж байгаа ч цаанаа л гуниглангуй бас яарах даарах зэрэгцэн байгаа нь илт.

 Хоёр хүү найзууд бөгөөд хоёр өдөртөө нэг удаа нэг нэгийнхээ усыг авахад ийнхүү тусалдаг аж. Нэг хүү гэртээ ээжтэйгээ амьдардаг, нөгөө хүү аав ээжтэйгээ гурвуулаа. Гэхдээ ар гэрийн ажлыг хийх хүн тэднээс өөр байхгүй. Хүнсээ ч тэд цуглуулдаг бөгөөд ихэнхдээ зээлийн дэвтэрт бичүүлнэ.

Ээж аав хоёр самарт явдаг. Заримдаа орой ирдэг заримдаа олон хоноод ирдэг.  Би түлшээ авч чадахгүй болохоор энэ найзындаа очиж хонодог гэх мэтээр хүүхдүүд л болсон хойно гэнэн цайлганаар дөнгөж сая зүс үзсэн надад бүхнээ хуучлахад бэлэн.

Улаанбаатарын энэ хэсэг буюу гэр хороолол гэх газарт хүүхдүүд дэлхийн дунджаас хэдэн дахин хортой утаагаар амьсгалж ар гэрийн бүхий л ахуйн ажлаа дааж үлдэж байна. Энэ мэтээр ахуйн ажилд дарагдахдаа тэд хоёр зүйлээс маш их айдгаас бусдаар бол бараг дөжирчээ.

Өвлийн улиралд усаа түрээд явж байхад зам хөндлөн гарах өгсүүр гудамж руу гарахдаа машинд дайруулахаас хамгийн их айдаг. Машинууд гудам дундуур маш хурдтай өнгөрөхдөө зарим нь хурдан явсангүй гэж загнадаг гэнэ. Заримдаа бүүр согтуу жолоочтой ч халз тулж байж.

Нөгөө айдас дайрдаг нохой. Ихэнх айлууд нохойгоо уяж чадахаараа хараа хяналт тавих гэж хичээдэг ч зарим айл өдөржин эсвэл олон хоногоор эзгүй байдаг тул нохойгоо сул орхино. Хааяадаа маш их яардаг догшин авиртай нохой ч таарна. “Гэрийнхээ нохойтой тоглодог сэтгэлээрээ бусад нохойд хандаж болохгүй шүү гэж хүүхдүүдэд анхааруулъя” гээд хөөрхөн бусдад анхаарал тавих маягтай хэлж байгаа нь хоёр хүү энэ бүхнийг өөрсдөө хангалттай үзэж туулсан туршлага ихийг харуулна.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар л нохойд хазуулсан 2486 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 0-9 насны хүүхэд 26,2 хувь, 10-19 насныхан 19,2 үлдсэн хувийг томчууд гудамж замд явж байхдаа нохойд хазуулжээ.

Хүүхдүүдийн гэр зэргэлдээ хашаа учир тэд хоёулаа нэг хүсэлтэй. Тэр нь тэгшхэн газар амьдардаг болох. Уулан дээр амьдрах зундаа л гоё. Бусад үед дээш өгсөж ус түрэх, алхаж явахад маш их ядардаг гэнэ.

Хотын төвд эсвэл гэр хороололд ер нь хаана ч амьдарч байгаа дундаж болон дунджаас дээш амьдралтай иргэн та энэ сурвалжилгыг уншаад хүүхдээ ингэж орхимооргүй юм гэж хардалт төрж магадгүй юм. Гэхдээ энэ бол бодит амьдрал. Таны мэдэхгүй, цаашдаа ч мэдэхгүй байж болох хүнд, хатуу амьдралыг энд хүүхдүүд туулж байна.

Эрх баригчид нь ч хүүхдэд аюулгүй тоглох орчин битгий хэл гэр сургуульдаа тайван очих зам талбайгүй, эрүүл мэнд аюулгүй байдлыг нь хамгаалахад хуруугаа ч хөдөлгөхгүй байна. Ийм байдалтай байгааг мэдсээр байж хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг гарч сошиалаар шуугих үед л хүний эрх хүүхдийн эрх гэж шаагилдахаасаа одоо ичих хэрэгтэй. Хүүхдээ эзэнгүй орхиж байгаа эцэг эхийн буруу ч энд хүнээ боддоггүй сэтгэлгүй хүйтэн төрийн буруу ч байгаа.

Хуулийн дагуу эцэг эхийн зөвшөөрөлгүй хүүхдийн зураг нийтлэхгүй учир хүүхдийн зургийг нийтлээгүй болно.

 

 

 

 

Н.ЦАЦРАЛ


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.