АЛБА ГУВЧУУРТ ДАРАМТЛУУЛСААР ТЭВЧЭЭР ТАСАРЛАА
2023-11-09 12:56:00
Нийгмийн даатгал бол өндөр насыг насалж, тэтгэвэрт гарахад хөдөлмөрийн чадвараа алдах, өвдвөл эмчлүүлэх зардлаа бэлэн байлгахын тулд олон нийтийн санд хадгалуулаад цаг нь болоход буцаан авч хэрэглэх таны хөрөнгө.
Таны цалингаас 12,5 хувийг, ажил олгогчоос 13,5 хувь гээд таны үндсэн орлогоноос 26 хувийг төр авдаг. Төр энэ татвараа авахдаа цаг тухайд нь нэхээд авна, өгөхгүй бол торгууль шийтгэл ногдуулна. Гэхдээ буцаад үр өгөөжийг нь хүртэх болоход үргэлж асуудал гардаг.
Жишээ нь: Иргэн О “Хишиг арвин” компанид ээлжийн ажилтай. Тэрбээр өөрийн гэсэн орон байртай болохын тулд ипотекийн зээлд хамрагдахаар өөрийн зүгээс хийх бүхнээ бэлэн болгосон. Гэтэл одоог хүртэл зээлдээ хамрагдаж чадахгүй байгаа.
Учир нь тус компани 2023 оны 1 дүгээр сараас хойш түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй. Тухайн хүний цалингаас суутгаж авсан атлаа төрд төлөх ёстойгоо төлөөгүйн улмаас иргэн О өнөөдрийг хүртэл ингэж хохирч байна. Тухайн байгууллагад ажилласныхаа хариуд ямар ч төрийн үйлчилгээ, зээл тусламж, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйд хүрсэн нь. Ингэж тухайн даатгуулагчийн нийгмийн баталгаа алдагдахаас гадна эмэгтэй хүн жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадахгүй, эрэгтэй хүн ажлаас гарах үед ажилгүйдлийн тэтмтгэмжээ авч чадахгүй болох, тэтгэвэрийн нас болоход тэтгэврийн хэмжээ буурах бүр тогтоолгох боломжгүй ч болох эрсдэлтэй. Мөн бүх арилжааны банкнаас зээл авах, гадагшаа явах виз мэдүүлэх боломжгүй. Энэ мэт хөдөлмөрөө шударга үнэлүүлж чаддаггүй, хичээж зүтгэсэн нь элдэв дарамтад өртөж хохирч үлддэг шударга бус төрийн тогтолцоотой улсад амьдарч байгаа нь гутармаар. Хөгжил дэвшлийн замдаа арай гэж орсон монголчууд цаг хугацааны хувьд, эрх чөлөөний хувьд ухраад манжийн дарлалын үе шиг алба гувчуурт дарамтлуулж амьдарч байна.
Эцсийн дүндээ даатгуулагч хохирч байгаа нь төрийн бодлого зохицуулалт дутмаг, татварын дарамт их байгааг харуулж байна. Бид энэ нийтлэлээр татвараа төлөөгүй гэж тухайн байгууллагыг харлуулахыг оролдоогүй бөгөөд байгуулага татвар шимтгэлээ төлөхөд гардаг бэрхшээл асуудлын тухай цуврал нийтлэл хүргэх болно.
Н.ЦАЦРАЛ
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.