МОНГОЛЧУУД ӨВДӨХ ЭРХГҮЙ, АМГАЛАН ТАЙВАН АМЬДРАХ ЭРХГҮЙ БОЛЖ

2023-11-07 14:05:00

Утаатай, түгжрэлтэй Улаанбаатарт өвдөх эрхгүй ажиллаж байгаа бид нэг удаа өвдөөд эмнэлгийн хаалга татахад ямар нөхцөл байдал угтдаг тухай энд тоймлоё.

Гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэдэг нэгэн иргэн  өвджээ. Өвдөөд эмнэлэгт хандахад эмчийн цаг авахын тулд 7-10 хоног зарим өвчлөлд бүүр 1-2 сар хүлээх шаардлагатай. Хүлээж чадахгүй гэвэл хувийн эмнэлэгт үзүүлнэ. Үзүүлж чадахгүй бол дур мэдэж өөрөө өөртөө жор зохиох шаардлага тулгарна.  Энэ бүхнээс хамгийн гаслантай нь өвдөөд хэвтэх зуур цалингийн зээл, ипотекийн зээл, аппликэйшны зээл нэхэгдэнэ. Хүүхдүүд хоол нэхнэ. Дарга ажлын үр дүн нэхнэ. Өвчин тэгээд хэлж ирэх биш дээ. Яалтай билээ. Өвдөхөөс урьдчилан сэргийлж хамаг чадлаараа хичээсэн ч гараад явахаар утаа, машинд суухаар түгжрээ, эмнэлэг нь ачаалал ихтэй, цалин нь бага, ажил нь дундаршгүй, татвар төлөөд л байдаг үр өгөөж үгүй. Манай улсын сүүлийн 10 жилд төсөвт эзлэх эрүүл мэндийн зардлын хувь нь дунджаар 8% буюу яг л нэг хивэндээ байдаг. Ямар ч өөрчлөлтгүй ийм байдлаар 10, 20 жил тус эрүүл мэндийн системийг чирч явах нь эцэстээ өвдөх эрхгүй нийгэмд амьдрахад биднийг хүргэжээ. Өөрөөр хэлбэл төсөв мөнгөндөө баригдаж эмч ажилчид, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүчин чадлаа нэмэгдүүлж чадахгүй байх шиг.

Хэдийгээр дэлхийд анагаахын шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаа ч манай улс тэрхүү үр өгөөжийг нь хүртэхгүй байгааг хүн амын дунд өвчлөл нэмэгдсэнээс гадагшаа эмчлүүлэх гэсэн иргэдийн тасралтгүй цуваанаас харж болно. Өөрөө хичээгээд амьдарсан ч хөрс, агаарын бохирдолтой хотод элдэв халдварт өвчнөөс зайлж чадахгүй. Дараах графикт 2023 оны 9-р сарын өвчлөлийн мэдээлэл харагдаж байна. Бараг дулааны улиралд ийм өвчлөлтэй байхад одоо тун удахгүй идэр ес эхэлэхэд дахиад л эмнэлэгт ор олдохгүй, цаг олдохгүй нөхцөл байдал бий болно.   

Бид бол өвлийн цагаар утаагаар амьсгалсан, зуны цагаар модны хөвөн, шарилжийн харшилд нулимсаа гоожуулсан, хаанаас нь ч хамаагүй толгой дээрээс юм унаж мэдэх энэ улсад ӨВДӨХ ЭРХГҮЙ, АМГАЛАН ТАЙВАН АМЬДРАХ ЭРХГҮЙ БОЛЖ.

 

 Н.ЦАЦРАЛ


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.