Агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин бүрдүүлж байна

2023-09-22 14:11:00

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтэн, судлаачид эрдэм шинжилгээний 20 хүрээлэнтэй хамтран агаар, орчны бохирдлын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаарх тус судалгааг хийсэн юм.

 

Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан станц, автомашин, гэр хороолол болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй. Тодруулбал, дулааны цахилгаан станц 44.2, гэр хороолол 31, автомашин 16.1, бусад эх үүсвэр 8.7 хувийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад, үлдсэнийг нь 100 хувь гэж үзвэл, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна.

 

Агаарыг бохирдуулагч нь тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг юм. Үүнээс хамгийн их буюу тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг автомашин, нүүрстөрөгчийн дутуу ислийн 64.1 хувь, хүхэрлэг хийн 71.7 хувийг гэр хороолол бүрдүүлж буй. Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөл 24 хувийг бүрдүүлж байна.

64 сургууль, 107 цэцэрлэгт цонхны шүүлтүүр суурилуулав

Хамгийн их бохирдолтой бүсэд 844,646 иргэн амьдарч байна.Энэ нь нийслэлийн нийт хүн амын нийт хүн амын 53 хувь юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын Судалгааны хүрээлэнгээс Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой хэсгийг Баянхошуу, Долоон буудал,  Баянбүрд орчим гэж тооцоолсон. Энд ерөнхий боловсролын 72 сургууль, 52 цэцэрлэг, 14 эмнэлэг байна. Судалгаанаас үзвэл дотоод орчны бохирдол гадаад орчны бохирдлоос шууд хамааралтай. Иймээс гадаад орчны бохирдлоос хамгаалахын тулд цонхны шүүлтүүр, давхар хаалга болон агаар цэвэршүүлэгч зэргийг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Дээрх сургууль, цэцэрлэг, эмнэлэгт нэн тэргүүнд арга хэмжээ авах шаардлагатай тул Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 64 сургууль, 107 цэцэрлэгт цонхны шүүлтүүрийг суурилуулаад байна. Цаашид 423 сургууль, цэцэрлэг, эмнэлэгт шүүлтүүр суурилуулах шаардлагатай байгаа юм.

Автомашины дундаж хурдыг нэмэгдүүлэхэд агаарын бохирдол буурна

Улаанбаатар хотод байгаа автомашинуудын 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг байна. Иймд автомашинаас ялгарч буй бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай. Мөн авто замаас үүдэлтэй дуу чимээний бохирдол их байна. ДЭМБ-аас хүлцэх хэмжээ нь 60 дб хэмээн тогтоосон бол Улаанбаатар хотын дундаж дуу чимээ 75.1 дб байгаа. Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдол 17.8 хувь буурах боломжтой.

Авто замын хажуугийн орчин нөхцөлөөс хамааран агаарын бохирдолд өртөх шинж нь ялгаатай байна. Тухайлбал,

-Явган хүний зам авто замаас 4 метрийн зайтай үед бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байна.

-Явган хүний зам авто зам болон хана хоёрын дунд бол хүлцэх хэмжээнээс 3 дахин их байна.

-Зүлэг, буттай явган хүний зам авто замаас 5 метрийн зайтай үед бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байна.

-Иймд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах болон орчны тохижилт, эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд явган замын хашаа, хайс, хашлагыг буулгаж байна.

Тоосонцрын бохирдол бүхий хэсгийн 150-аас доош метрт буй иргэд бүх төрлийн тоосонцрын бохирдолд өртөж байдаг бөгөөд энэ нь нөхөн үржихүйн тогтолцоо, амьсгалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, зүрх судасны тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлж байдаг. Ногоон байгууламж нь дуу шуугианыг 10-24, авто замаас 2.5 метр зайд агаарын бохирдлыг бууруулдаг. Өнгөрсөн хугацаанд нийт 16 байршилд явган хүний 16.1 км зам хийсэн. Цаашид 20 байршилд явган хүний 24.2 км зам тавина.

Гэр хорооллыг хөгжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой

Дунд хугацаанд гэр хорооллыг хөгжүүлэх замаар агаарын бохирдлыг шийдвэрлэх хүрээнд шинэ дэд төв болон олон нийтийн бичил төвүүдийг байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Энэ дагуу зургаан байршилд шинэ дэд төв, 52 байршилд олон нийтийн бичил төв байгуулан, 88 байршилд дахин төлөвлөлт хийж, нийт 219,290 орон сууцыг ашиглалтад оруулах хэрэгтэйг судалгаагаар гаргажээ.Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн сэргэлтийг эрчимжүүлэн орон сууцжуулахад 19,110 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай. Ингэснээр 12,983 орон сууцанд 52,963 хүн амьдрах боломж бүрдэх юм.

 

Хотын дарга Д.Сумъяабазар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр томоохон худалдааны төвүүдийг түшиглэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж, шинэ дэд төвүүдээ хөгжүүлэн, хот нийтийн аж ахуйн үйлчилгээнүүдээ нэгтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн хамран тойрох хүрээ, дэд төвүүдэд нийгмийн байгууламж, орон сууцны бүтээн байгуулалт, оршин суугчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг стандартад нийцүүлэн байгуулах ёстой. Мэдээж дулаан, цахилгааны эх үүсвэрийн дутагдалд орох эрсдэлтэй тул жижиг оврын цахилгааны эх үүсвэрийг мөн шийдэх шаардлагатай” хэмээв.

 

Түүнчлэн их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн, тэдгээрийг дагасан 28 лицей сургуулийг байгуулснаар ерөнхий боловсролын сургуулийн чанар, хүртээмжийг сайжруулах боломжтойг судалгаанд дурджээ. Нийслэлийн хэмжээнд хүчин чадал нь хэтэрсэн ерөнхий боловсролын 169 сургуульд 313,473 сурагч суралцаж байгаа бөгөөд эдгээр нь хотын төвд төвлөрсөн. Энэ бол түгжрэлд нөлөөлөх нэг том хүчин зүйл. Учир нь сургуулийн хүртээмжгүй бүсүүдээс ойролцоогоор 91 мянга гаруй хүүхэд тус сургуулиудад ирж, суралцаж байна. Тиймээс гэр хорооллын бүсэд буюу олон нийтийн бичил дэд төвүүддээ ерөнхий боловсролын 52 сургууль нэмж байгуулах хэрэгтэй. Үүний тулд 2253 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага үүснэ. Гэр хорооллын бүсэд ийнхүү нэмж 52 сургууль байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэж, түгжрэлд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө гарах юм.

Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдэхэд Улаанбаатар хотын багц хууль чухал ач холбогдолтой

Улаанбаатар хотод төмс, хүнсний ногооны агуулахын хэрэгцээ тулгамдаж буй. Тиймээс ойролцоогоор 45.100 тонны багтаамж бүхий төмс, хүнсний ногооны агуулахуудыг байгуулж, агуулахад түшиглэсэн хүнсний бүтээгдэхүүний цогцолбор бий болгох боломжтой юм.

Ийнхүү гэр хорооллыг хөгжүүлэх бодлогын хүрээнд дэд төвийг хөгжүүлэх:

-Асуудал эрхэлсэн байгууллагыг бий болгох, түүнийг чадавхжуулах,
-Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг шинэчлэн боловсруулах,
-Тогтвортой санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх гэхчлэн цогц төлөвлөлтийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Гэр хорооллыг хөгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийслэлийн тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдэхэд Улаанбаатар хотын багц хууль чухал ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулаад байгаа билээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.