Хань Жэн, Антонио Гутерриш, Энтони Блинкен нартай ганцаарчлан уулзав
2023-09-20 09:39:00
Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 9-р сарын 18-нд Хятад улсын дэд дарга Хань Жэн Нью-Йоркт НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцохдоо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нартай ганцаарчлан уулзав.
Гутерриштэй уулзахдаа Хань Жэн, "Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах Ши Жиньпин даргын үзэл баримтлал, "Бүс ба Зам" санаачилга, Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилга зэрэг нь НҮБ-ын нэгдсэн үзэл баримтлал, зорилгод нийцэж байгаа бөгөөд үүнийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч, идэвхтэй дэмжиж байна. Хятад улс дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байх болно. Мөн НҮБ-ын олон улсын үйл хэрэгт гол үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ" гэв.
Антонио Гутерриш, "Хятад улс НҮБ-ын үйл хэргийг тууштай дэмжиж байгаад талархал дэвшүүлье. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн чухал санаачилгыг өндрөөр үнэлж байна. Хятад улс дэлхийг зөв замаар удирдан чиглүүлэхэд идэвхтэй оролцохыг хүсэж байна" гэжээ.
Энтони Блинкентэй уулзахдаа Хань Жэн, "Хятад Америкийн эрүүл тогтвортой харилцаа бол хоёр орон төдийгүй дэлхий дахинд ашигтай. Хятадын хөгжил бол АНУ-ын хувьд сорилт биш боломж, эрсдэл гэхээсээ илүү ашиг олз болно. Хоёр тал харилцан амжилтад хүрч, хамтын хөгжил цэцэглэлтийг бий болгож чадна.
Хятад Америкийн төрийн тэргүүн нарын Бали аралд тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, бодитой арга хэмжээ авч, таатай нөхцөл бүрдүүлэн, харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн төлөө илүү ихийг хийнэ гэдэгт найдаж байна" гэв. Энтони Блинкен хариуд нь, Хятад улс амжилтад хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийг үргэлжлүүлэн дэмжихийг Америк хүсэж байна, Хятад улстай харилцаа холбоогоо бэхжүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулж, хамтын ажиллагаагаа ахиулж, Америк Хятадын харилцаа тогтвортой хөгжихийг хүсэж байна" гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.