“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын үйл ажиллагаа эхэллээ
2023-09-15 15:23:00
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын үйл ажиллагаа өнөөдөр /2023.09.15/ Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Номын баяр бол зөвхөн ном худалдан авах ажил биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр оролцохоор 50 гаруй шинэ оролцогчид нэмэгдсэн байна.
Улсын Их Хурлын Тамгын газар Үндэсний бичиг соёл, номын өдрүүдээр Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, парламентын номын сангийн үйл ажиллагаа, “Парламентын боловсрол” хөтөлбөр, D-Parliament цахим системийг хэрхэн ашиглах талаар олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
Эдгээр өдрүүдэд Улсын Их Хурлын Тамгын газрын асарт зочлон ирэх хүмүүс Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргасан ном, товхимол, судалгаа мэдээллийн үзэсгэлэнг үзэж, Парламентын боловсрол хөтөлбөрийн танилцуулгыг сонирхохоос гадна D-Parliament аппликейшнийг гар утсандаа суулгах, бүртгэл үүсгэх боломжтой. Мөн “Үндсэн хууль” холбоо үгийг монгол бичгээр зөв бичих уралдаанд оролцож болох юм.
Үзэсгэлэнд Парламентын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргасан судалгааны бүтээлийн 43 боть, 2009-2023 оны Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагааны талаарх танилцуулгууд, “Парламентын түүхэн товчоо” болон эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлүүд, тус хүрээлэнгээс эрхлэн гаргасан бүх ном товхимолуудыг дэлгэн тавьжээ.
34 дэх удаагийн номын баярын үйл ажиллагааны хүрээнд Парламентын номын сангаас ХБНГУ-ын Баден-Вюрттенбург муж улсын Залуу зохиолчдын хорооны тэргүүн, яруу найрагч Албрехт Күүн-ий залуу зохиолчид, уншигчидтай хийх уулзалтыг зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ Үндэсний номын сангийн уншлагын их танхимд болох юм.
“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 09 дүгээр сарын 16-ны Бямба гарагт болох бөгөөд энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн нэрэмжит “Онцлох ном”, “Шилдэг уншигч”, “Номын ертөнцийн гавьяатан” шагналаа гардуулна. Номын баярыг дунджаар 240 мянган хүн зорин ирдэг байна. Уншигчдын 88.4 хувь нь цаасан ном уншихыг илүүд үздэг бол нэг уншигч жилд дунджаар 8 ном худалдаж авдаг гэсэн судалгаа гарчээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.